Эрчим хүчний салбарынхан 315 сая төгрөг хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний салбарын ажилчид нэг өдрийн цалин 315 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлалаа. Хандивыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өгөв. Хандивт:
- ЭХЯ,
- “Диспетчерийн үндэсний төв” ХХК,
- “Дулааны хоёрдугаар цахилгаан станц”,
- “Дулааны гуравдугаар цахилгаан станц”,
- “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц”,
- “Дарханы дулааны цахилгаан станц”,
- “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”,
- “Дорнод бүсийн эрчим хүчний систем”,
- “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”,
- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”,
- “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”,
- “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”,
- “Улаанбаатар дулааны сүлжээ”,
- “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-иудын 5584 инженер, техникийн ажилтан, албан хаагчид оролцжээ.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин хандив өргөсөнд сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлээд “Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбарын хамт олон өвөлжилтийг өнтэй сайхан давахын сацуу дулаан сэтгэл гарган хандив өгч байгаад талархал илэрхийлье. Том гэр бүлийн олон компани нэгдэн хамгийн өндөр хандивыг өглөө. Та бүхний хандив бидний ажилд маш их тус болно. Эргээд та бүхэндээ зарцуулалтын тайланг танилцуулах болно” гэлээ.