М.П.Сингх: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-04 18:59:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол, Энэтхэгийн Засгийн газрын комиссын дарга Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  М.П.Сингхтэй  өнөөдөр уулзлаа.


Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сард БНЭУ-д айлчилсан юм. Энэ айлчлалын дүнд хоёр орны хоорондын харилцаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид шинэ шатанд гаргах хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Харин өнөөдрийн уулзалтын үеэр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар энэ оны тавдугаар сард манай улсад айлчлах бэлтгэл ажил, Монгол, Энэтхэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэх, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, Монголоос Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлох, үүний туршилтын тээвэрлэлтийг ойрын үед хийх боломжуудын талаар ярилцлаа. Мөн сансрын хиймэл дагуул хөөргөх тухай асуудлыг талууд хөндөв.


БНЭУ-д коксжих нүүрс экспортлох асуудалд Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч ажлын баг байгуулсан. Хэрэв Энэтхэгийн тал зөвшөөрвөл коксжих нүүрсний туршилтын тээврийг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгаагаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Элчин сайдад илэрхийллээ. Цаашид Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлохоор бол ОХУ-аар дамжуулж төмөр замаар тээвэрлэх боломж бий. Учир нь 2018 онд “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээр”-т манай улсын экспортын бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр заасан байдаг.


Энэтхэгийн Засгийн газар Монголын коксжих нүүрсний чанарын шаардлага хангаж буй учир экспортлох бүрэн боломжтой гэж үзэж байгааг Элчин сайд М.П.Сингх албан ёсоор илэрхийлсэн. Тус улс тээвэрлэлтийн хувьд ч ОХУ-тай төмөр замын тээвэрлэлтийн хөнгөлөлт эдлэх хамтын ажиллагаатай учир коксжих нүүрсийг Монголоос авахад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй хэмээн тооцож байна гэсэн юм.


Монгол, Энэтхэг улсын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч байгаа гээд соёл, боловсролын салбарын шилдэг 65 залууг харилцан солилцож туршлага судлуулах саналыг Энэтхэгийн талд гаргаж байгаагаа Сайд  Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Холбоотой мэдээ