Говь-Алтай аймгаас 1111 толгой хонь хандивлахаар шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-02-29 15:19:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа тус улсын ард түмний "ковид-19" халдварт өвчинтэй тэмцэхэд нь дэмжлэг болгож 30 мянган хонь хандивласан. Ерөнхийлөгчийн уг ажлыг дэмжиж Говь-Алтай аймгаас 1111 толгой хонь хандивлахаар шийдвэрлэлээ.

Хоёрдугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас малчид, иргэдийн санаачилгыг дэмжиж улсын Онцгой комисст 1111 толгой хонь хандивлахаар шийдвэрлэжээ. Уг аяныг дэмжин одоогоор Говь-Алтай аймгийн Төгрөг сумын МУЗН-ийн Манлай малчин, Аймгийн аварга малчин Д.Гооён 20 толгой, Чандмань сумын Өлзийбулаг багийн Монгол Улсын аварга малчин Ц.Батбямбаа 21 толгой, Баян-Уул сумын, Монгол Улсын аварга малчин Б.Бавуудорж 30 толгой, Бугат сумын хоёрдугаар багийн малчин У.Баасанжав 15 толгой, Жаргалан сумын Бүрэн багийн Монгол Улсын гавьяат малчин, мал аж ахуйн академийн профессор Д.Дорждэрэм 108 хонь хандивлахаа илэрхийлэв. 

Говь-Алтай аймгийн БНХАУ-тай хиллэдэг хилийн урт 360 км бөгөөд байнгын ажиллагаатай Бургастайн боомтоор хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан худалдаа хийдэг юм. 



Холбоотой мэдээ