Хятадаас бусад оронд коронавирус хурдтай тархаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-27 13:10:22

ЛОНДОН. /BBC/. Коронавирусээр үүсгэгдсэн “Covid-19” өвчний анхны тохиолдлууд Европын хэд хэдэн улсад бүртгэгдээд байна.


Эдгээр тохиолдол бүгд Итали улсад халдвар дэгдсэнтэй холбоотой байж болзошгүй байна. Тус улсад халдварын тохиолдол 300 давж, нас барсан хүний тоо 11 болоод байгаа юм. 


Тухайлбал, Италиас ирээд удаагүй байгаа хүмүүс Австри, Хорват, Швейцар зэрэг улсад коронавирусний халдвараар өвчилжээ. Үүнээс гадна Алжирт коронавирусээр халдварласан тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан хүн Италийн иргэн байжээ. Бразилд мөн бизнесийн зорилгоор Италийг зориод ирсэн 61 настай иргэн коронавирусний халдвар авсан бөгөөд энэ нь Өмнөд Америк дахь коронавирусний халдварын анхны тохиолдол болсон байна.


Түүнчлэн Гүрж улсад коронавирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ.

“Вирус Иранаас Азербайжанаар дамжин эх орондоо ирсэн Гүржийн иргэнээс илэрсэн. Түүнийг халдвартын эмнэлэгт хүргэсэн” хэмээн  Гүржийн Хөдөлмөр, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Екатерина Тикаразе мэдэгджээ.


“Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал хэвийн байна. Өвчтөнд хилийн ажилтнууд үзлэг хийсэн. Халдвар тархах эрсдэлээс сэргийлж хилийн ажилтнууд иж бүрэн хамгаалагдсан хэдий ч тэднийг мөн хяналтанд байлгаж,  хөл хорионд оруулна” хэмээн тэрбээр ярьсан байна.


Италид коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгдэж байгаа хэдий ч энэ улстай хилээ хаах нь зохисгүй арга хэмжээ болно гэж хөрш орнууд нь гэж харж байна. Франц, Герман, Италийн Эрүүл мэндийн сайдууд болон Европын комисс мягмар гарагт хүмүүсийн шилжилт хөдөлгөөний хязгаарлахгүй байхаар шийдсэн байна.


Италийн хөрш орнууд үүссэн нөхцөл байдалд маш нухацтай хандаж байгаа бөгөөд байдал дордож болзошгүй байгааг Германы Эрүүл мэндийн сайд Йенс Шпан цохон тэмдэглэжээ.


Их Британид хэсэг бүлэг багш нар Италийн хойд нутагт амарсныхаа дараа эх орондоо эргэн ирж, ажилдаа орсон байна. Үүний дараа Их Британид 8 сургуулийг түр хугацаагаар хаагаад байна.


Нэг ажилтан нь коронавирусний халдвар авсантай холбоотойгоор “Chevron” газрын тосны компани 300 ажилтнаа ажлаа гэрээсээ хийхийг зөвшөөрч, Лондон хот руу явуулсан байна. Үүнээс гадна тус улсын Эрүүл мэндийн яам жирийн ханиадны шинж тэмдэг илэрсэн хүмүүст коронавирусний шинжилгээ өгөх ажлыг зохион байгуулж байгаа аж. Шинжилгээг 108 эмнэлэгт авч байгаа юм байна.


“Covid-19” өвчин Хятадаас бусад оронд тархаж эхэлснээс хойш Их Британид 7132 хүн шинжилгээ өгснөөс 13 нь коронавирусээр халдварласан байжээ.


Итали руу аялахаар төлөвлөж буй хүмүүст зориулсан шинэ зөвлөмж гаргахаар Их Британийн Засгийн газар бэлтгэж байгаа аж.


Гэсэн хэдий ч Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгдэхдээ, жил бүр Их Британийн 3 сая орчим иргэн зорьдог Итали улстай бид агаарын тээврийн хөдөлгөөнөө зогсоохоор төлөвлөөгүй гэжээ. 

 

Европт юу болж байна вэ?


Австрид тус улсын Инсбрук хотод амьдардаг Италийн залуу хосуудад коронавирус илэрчээ. Хосуудын нэг нь эмнэлэгт ажилладаг байна.


Италитай залгаа хиллэдэг Тичино мужид амьдардаг нэгэн настай эр Миланд коронавирусний халдвар авсан бөгөөд одоо түүнийг тусгаарлаад байгаа тухай Швейцарын эрх баригчид мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн энэ вирус Италиас Хорватад ирсэн нэгэн эрд илэрсэн нь Балканы орнуудад коронавирусний халдвар илэрсэн анхны тохиолдол болсон байна.

 

Испанид мөн коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлжээ. Өвчний тохиолдол Италийн  хойд нутгийг зорин ирээд удаагүй байгаа эмэгтэйгээс илэрсэн байна.

 

Грект мөн коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Италийн хойд нутагт аяласныхаа дараа эргэн ирсэн 38 настай эмэгтэйгээс энэ халдварт өвчин илэрчээ.


Италиас ирсэн хүмүүсээс коронавирусээр халдварласан тохиолдол шинээр илэрсэн тухай Франц болон Герман улсуудад мэдээлжээ. Францад энэ өвчний улмаас нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Эхний удаа Хятадаас ирсэн 80 настай жуулчин коронавирусний халдварын улмаас тус улсад нас барсан тухай мэдээлсэн бол дараагийн удаад Францын 60 настай  иргэн “Covid-19” өвчний улмаас нас барсан байна.


Италийн Виченца хот дахь Америкийн цэргийн баазад сургууль, цэцэрлэг, сүмүүдийг хаасан тухай АНУ-ын Агаарын цэргийн  хүчний генерал Тод Уолтерс мэдэгдсэн байна. Герман дахь баазуудад мөн ийм арга хэмжээг авжээ. 


Дэлхий дахинд нөхцөл байдал


“Worldometers” цахим хуудасны мэдээлснээр, БНХАУ-аас тархсан коронавирусээр халдварласан нийт 82166 тохиолдол дэлхий дахинд бүртгэгдээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгдэхдээ, Хятадаас бусад оронд коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа нь ихээхэн болгоомжлолыг төрүүлж байна гэжээ.  Пакистан, Грек, Румын, Гүрж, Норвег, Хойд Македон, Дани, Эстони зэрэг 8 орон коронавирус тархсан орны тоонд шинээр нэмэгдсэнэээр нийт 49 улсад энэ өвчний халдвар тархаад байна.


Иранд коронавирусний халдварын 139 тохиолдол албан ёсоор бүртгэлтэй байгаа хэдий ч тархалтын бодит тоо илүү их байж магадгүй байна. Халдварын бодит тоог эрх баригчид нуун дарагдуулж байгааг Ираны Эрүүл мэндийн орлогч сайд Ираж Харирчи өмнө нь няцаасан байна. 


Нэг ч дүүрэгт хөл хорио тогтоохгүй хэдий ч өвчний шинж тэмдэг илэрсэн хүнийг хөл хорионд оруулна гэдгээ Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани мэдэгджээ.


Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео коронавирусний талаар үнэн зөв мэдээлэл өгөхийг дэлхийн улс орнуудад уриалахын сацуу дэгдэлтийн талаарх чухал мэдээллийг Иран нуун дарагдуулж болзошгүй байгаа тухай мэдэгдсэн байна.


“Тархалтын хамрах хүрээ хэр зэрэг байгаа нь тодорхойгүй байгаагийн улмаас Ираны нөхцөл байдал ихээхэн айдас төрүүлж байна. Бидэнд мөсөн уулын зөвхөн орой хэсгийг ярьж байгаа юм мэт сэтгэгдэл төрж байна” хэмээн Лондоны Кингс-Коллеж их сургуулийн халдварт өвчний мэргэжилтэн Натали Макдермот ярьжээ.


ОХУ 2 дугаар сарын 28-наас Ираны иргэдэд виз олгохоо зогсоохоо мэдэгджээ. Түүнчлэн БНСУ-тай хийдэг агаарын тээврийн хөдөлгөөнөө 3 дугаар сарын 1-нээс зогсоож байгаагаа лхагва гарагт мэдэгдсэн байна. БНСУ-д коронавирусээр халдварласан 1595 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 13 хүн нас баржээ. Хятадаас бусад оронд коронавирусээр халдварласан тохиолдол хамгийн их бүртгэгдсэн нь БНСУ болоод байна.


БНСУ-ын Дэгу хот дахь Америкийн нэгэн цэрэгт коронавирус илэрсэн тухай АНУ-ын цэргийн удирдлага мэдэгдсэн байна.


Коронавирус дэгдэх эрсдэлтэй холбоотойгоор Японы Ерөнхий сай Абэ Шинзо спортын болон урлаг соёлын томоохон арга хэмжээнүүдийг цуцалж, хоёр долоо хоногийн хугацаагаар хойшлуулахыг уриалсан байна.  Халдварын дийлэнх олонх тохиолдол БНХАУ-д бүртгэгдсэн бөгөөд сүүлд мэдээлснээр, тус улсад 78000 гаруй хүн коронавирусээр халдварласан бол энэ өвчний  улмаас 2715 хүн нас барсан байна. Гэсэн хэдий ч сүүлийн долоо хоногуудад тус улсад халдвар авсан болон нас барсан  хүмүүсийн тоо буурч байгаа юм. 

Холбоотой мэдээ