Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-24 18:40:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан  XVII жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн ард иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ, "Баян-Өлгий аймагт амьдран суугаа казах, урианхай, дөрвөд, тува ахан дүүс ээ!

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, XVII жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн мэндийг хүргэе.

"Хувьтай хүн хулгана жилийг үзнэ" гэж бэлэгшээдэг. Айлчлан ирж буй "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг түмэн олон Та бүхэндээ өргөн дэвшүүлж байна.

Сар шинийн баярын энэ өдрүүдэд БНХАУ-д гарсан коронавирусний дэгдэлт ихсэж байгаа учир бид болзошгүй өвчний аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлэх нь маш чухал юм.

Энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, аймаг, орон нутгаас зохих арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хүн бүр хариуцлагаа ухамсарлаж, гэр бүл, ойр дотнын хайртай хүмүүсийн эрүүл мэндийн төлөө төр засгийнхаа шийдвэрийг дагаж, сар шинийн баяраа золголт хийхгүйгээр, гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна" хэмээжээ.

Холбоотой мэдээ