Жаргалант сум зудархуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-21 15:34:46

Архангай /МОНЦАМЭ/. Жаргалант суманд энэ өвөл зургаан удаа цас орсны улмаас Хоолт, Эрдэнэ-Уул багийн тал хээр газарт цас 15-25 см, ой модонд 45-55 см болж, нөхцөл байдал зудархуу хэмжээнд хүрчээ. Цас их орсноор мал бэлчээрт идэх өвсгүй болж малын хорогдол их гарч байгаа аж. Иймээс сумын нөөцийн өвснөөс Хоолт, Эрдэнэ-Уул, Зуслан багийн малчдад хуваарилан өгчээ.

Малчдаас өвс тэжээлийн туслалцаа үзүүлэхийг хүссэн саналыг аймгийн удирдлагуудад уламжилсны дагуу хөнгөлөлттэй үнээр 120 ширхэг өвс, 220 шуудай хивэг, 80 гаруй шуудай хүчит тэжээл өгснийг Хоолт, Эрдэнэ-Уул багийн малчдад хуваарилан хүргүүлжээ.

Жаргалант сумын Засаг дарга Л.Батсайханаар ахлуусан сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч, ЗДТГ-ын ажилтнууд, багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нарын төлөөлөлтэй ажлын хэсэг Асайт, Хоолт, Эрдэнэ-Уул, Зуслан, Баянцагаан багийн малчдаар явж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан байна.

Холбоотой мэдээ