1072 хувьцааг хөрөнгийн зах зээлд арилжаалах хүртэл захиран зарцуулах, худалдах боломжгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-26 14:47:41

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өнөөдөр тус байнгын хорооноос хийж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.

Тус байнгын хороонд Сонгуулийн тухай хуультай холбоотой олон өргөдөл ирснийг мэдээллийнхээ эхэнд онцлов. Тэрбээр "Иргэдээс Сонгуулийн хуулиас пропорциональ тогтолцоог хасч өгөөч. Жагсаалтаар сонгогддог асуудал нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн асуудлаар 1000 гаруй өргөдөл ирсэн. Энэ өргөдлүүдийг бид холбогдох байгууллагуудад нь тухай бүрт нь уламжилж, шилжүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэц "Сонгуулийн тухай хуульд байгаа жагсаалтаар сонгогдох буюу шууд бусаар сонгогдох явдал нь Үндсэн хууль зөрчиж байна" гэсэн шийдвэрийг гаргалаа. УИХ-ын гишүүний хувьд, иргэдээс олон мянган өргөдөл хүлээж авдаг хүний хувьд жагсаалтыг байхгүй болгохыг дэмжиж байгаа гэдгээ, дэмжиж санал өгнө гэдгээ илэрхийлье” гэв. 
Хоёрдугаарт, сүүлийн үед сонгууль ойртож байгаатай холбогдуулан нийгмийг цочроосон, иргэдийг айдаст автуулсан худал, хуурмаг мэдээлэл ихээр цацагдах болсныг тэрбээр онцлон тэмдэглэв. Тухайлбал, “1072 хувьцааг хятадуудад зарах гэж байна”, “Да хүрээ, Нарантуул захыг Ж.Батзандан гишүүн татан буулгах гэж байна” гэх мэт худал мэдээллийг цацаж байгааг эрс няцаав. Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар авдаг, чиглэл өгдөг, сонсгол хийдэг, ажлын хэсэг байгуулдаг, Засгийн газарт тодорхой асуудлуудаар чиглэл өгдөг. Энэ чиг, үүргээ хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлсэн юм. 
Харин 1072 хувьцааг чөлөөтэй хөрвөх эрхийг Засгийн газрын 181 дүгээр тогтоолоор хаасан. Өөрөөр хэлбэл "Хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хувьцааг саналын эрхгүй аливаа хэлбэрээр захиран зарцуулах боломжгүй" гэж Засгийн газрын тогтоолд маш тодорхой заасан байгаа. Тиймээс Тавантолгойн 1072 хувьцаа хөрөнгийн зах зээлд арилжигдах хүртэл захиран зарцуулах, тэр тусмаа гадаадын хүнд зарах боломжгүй гэдгийг Ж.Батзандан гишүүн хэлж байв. 
Мөн Нарантуул, Да хүрээ захтай холбоотой маш олон өргөдөл Өргөдлийн байнгын хороонд олон зуун хүний гарын үсэгтэй ирсэн. Тухайлбал Нарантуул зах дээр гарсан гал түймрээс болж хохирсон 250 гаруй хүний өргөдөл ирж, галд өртөж хохирол амссан иргэдийн хохирлыг барагдуулах, тухайн үйлдлийг шалгуулах чиглэлд Өргөдлийн байнгын хороо анхаарал тавин ажиллаж байгаа гэв. Харин Нарантуул захыг хаах тухай асуудлаар Өргөдлийн байнгын хороо ажиллаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье гэсэн юм. Түүнчлэн “"Да хүрээ" захыг татан буулгах асуудал байхгүй, МХЕГ, ШӨХТГ-аас "Да хүрээ" захыг хүчээр буулгах, нүүлгэх нь хууль зөрчиж байна гэдэг шийдвэр гарсан, үүнийг үндэслэж Өргөдлийн байнгын хороо нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт чиглэл өгсөн аж. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн зарим асуултад хариулав. 

-Шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийн зарим заалтыг эмч нар эсэргүүцэж байгаа. Үүнтэй холбоотой өргөдөл, гомдол танай байнгын хороонд ирсэн үү? 

-Манай байнгын хороонд эмч нараас өргөдөл ирээгүй. Эмч нар шинээр баталсан Эрүүгийн хуулиар эрх зөрчигдөж байна, хариуцлагын тухай зүйл заалт хэтэрхий чанга байна гэсэн гомдлыг хэвлэл мэдээллээр ярьж байна. Үүнийг бид сонсож байгаа. Гэхдээ Өргөдлийн байнгын хороонд эмч, эмч нарын холбоо, мэргэжлийн байгууллагаас нэг ч өргөдөл ирээгүй байна. Өргөдлийн байнгын хороо иргэдээс ирсэн өргөдлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх, үүрэгтэй. Эрх нь зөрчигдсөн гэж үзэж буй эмч нар Өргөдлийн байнгын хороонд хандаж болно.
 
-Та хууль батлалцсан гишүүний хувьд уг зүйл, заалтыг юу гэж харж байгаа вэ? 

-Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай уулзсан. Үнэхээр эмч нарын эрх, эрх чөлөөг хязгаарласан, хариуцлагын хэтэрхий хүнд заалттай байгаа бол тэрийг ярьж, хэлж болно. Шинэ Эрүүгийн хууль ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Түүнээс өмнө ирэх парламентаар өөрчлөх бололцоо, боломж байгаа. Мэдээж аливаа хуулийг өөрчлөхийн тулд бид тодорхой судалгаа явуулах ёстой. Тухайлбал, Олон улсын, дэлхийн жишигт ямар байна, аль улс, оронтой харьцуулаад хүнд, хөнгөн байна гэж ялгаж буй, тэгвэл манай нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг давхар судлах ёстой. Эмч нарыг Өргөдлийн байнгын хороонд өргөдлөө өг гэж хэлмээр байна. Тэгвэл би судалъя. Асуудлыг тавихад бэлэн байна.

Н.Гантуяа
 

Холбоотой мэдээ