Эмч ажилтнуудад зориулсан хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-20 14:56:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-аас эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудад зориулсан, 7 нэр төрлийн хамгаалах хэрэгслийг ЭМЯ-нд өнөөдөр хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу “Ковид-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор амны хаалт, комбинзон, нэг удаагийн халад, малгай, нүүрний хамгаалалт, хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий зэрэг 7 төрлийн нийт 47 600 ширхэг хамгаалах хэрэгслийг гардуулав.


Энэ үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюки хэлэхдээ, “Япон улсын Засгийн газраас ЖАЙКА-гаар дамжуулан шинэ коронавируст халдвараас хамгаалахын тулд бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллаж буй Монгол Улсад дээрх зүйлсээр тусламж үзүүлж байна. ХӨСҮТ-д ДЭМБ-аар дамжуулан 1200 оношлуур өгсөн бол, нэмж 36 мянгыг өгөхөөр төлөвлөж байна. “Ковид-19” халдвартай тэмцэх нь нэг улсын асуудал биш бөгөөд улс орнууд хамтран ажиллах нь нэн чухал юм. Монгол Улсын Засгийн газар, ялангуяа ЭМЯ, ард иргэд, Монгол Улсад амьдарч буй гадаад иргэдийн эрүүл мэндийн төлөө хичээн ажиллаж буйд талархаж байна” гэв.

Дээрх хувийн хамгаалах хэрэгслийг ЖАЙКА-гийн Техникийн хамтын ажиллагааны “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хандивлажээ. Уг төслийг Монгол Улсын хэмжээнд эмч, сувилагчдын чадавхыг бэхжүүлэхэд туслах зорилгоор хэрэгжүүлж байгаа аж.  

П.Хүслэнтуяа





Холбоотой мэдээ