ЭМЯ: “Ковид-19”-ийн халдварын тохиолдол буурна гэж тооцоолоход эрт байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-20 13:46:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ухань хотод “Ковид-19”-ийн нөхцөл байдал тогтворжиж байгаа ч дэлхий нийтэд тархах эрсдэлтэй хэмээн ДЭМБ-аас анхааруулсан. Хэрэв халдварын тохиолдол Монгол Улсад орж ирвэл маш хурдан тархах эрсдэлтэйг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр онцлов.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Шинэ коронавирусний халдвар  гарснаас хойш 1812 хүн эдгэрсэн таатай мэдээ байна. Гэхдээ 24 цагийн хугацаанд “Diamond Princess” хөлөг онгоцон дээрх хүмүүсээс шалтгаалан  Япон улсад “Ковид-19”-ээр өвчилсөн хүний тоо нэмэгдсэн. Мөн БНСУ-ын Дэгү хотод сүмийн цуглаанд явсан 10 иргэн халдвар авсан зэрэг тохиолдол гарсан. Тиймээс иргэддээ Сар шинийн өдрүүдэд олон хүн цугласан газраар явахгүй байхыг онцгойлон зөвлөж байна. ДЭМБ-аас аль болох даарахгүй байх, дулаан хувцаслахыг зөвлөж байгаа. Мөн халуун цай, шөл уух, жимс ногоо хэрэглэж, унтаж амрах, бухимдахгүй байхыг эрдэмтэн судлаачид хэлж байгааг анхаарах нь зүйтэй” хэмээв. 

Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, “Ковид-19” халдварын улмаас БНХАУ-аас гадна өөр улсад 5 хүн нас барсан. Ойрын өдрүүдэд тус халдварын тохиолдлын тоо буурч байгаа ч цаашид буурна гэж тооцоолоход эрт байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 2 хувь нь нас барсан гэсэн мэдээ байна. Ахмад настай хүмүүс тус вирусээр халдварлах тохиолдол нэмэгдэж байгаа бол бага насны хүүхэд халдварлах нь бага байгаа бөгөөд үүний шалтгааныг тодруулах судалгаа хийж байна. Халдварын голомт болж буй тохиолдлуудыг харахад хүн амын хөдөлгөөн өвчлөлийг тархаах гол хүчин зүйл болж байна" гэв. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,  “Монгол Улс шинэ коронавируст халдварын 170 гаруй сэжигтэй тохиолдлыг өнөөдрийг хүртэл тусгаарлан шинжилгээ хийсэн, өвчний тохиолдол илрээгүй. Завхан аймагт энэ сарын 19-нд нэг хүнийг тусгаарласан. Мөн Тяньжин хотод сурдаг оюутныг ХӨСҮТ-д өчигдөр тусгаарлан шинжилгээ авч байна. Замын-Үүдэд байгаа 103 иргэнийг гурван зочид буудалд байрлуулан ажиглаж байна” гэв. 

П.Хүслэнтуяа




Холбоотой мэдээ