Эмнэлгийн болзошгүй эрсдэлийн бэлэн байдлыг шалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-20 12:16:49

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээ төв /БОЭТ/ 22 тасаг бүхий 430 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй.

Шинэ төрлийн коронавирус буюу ковид 19” халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ үед тус байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг шалгах зорилго бүхий дадлага сургуулилтыг хоёрдугаар сарын 19-нд зохион байгууллаа.

Дадлага сургуулилтын үеэр БНХАУ-аас ирсэн, өндөр халуурч, ханиалгасан, дотор эвгүйрхсэн зэрэг өгүүлэмж бүхий нэгэн жишээ \кес\ дээр шуурхай ажиллаж, эмнэлгийн үзлэг, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, тусгаарлах өрөөнд хүргэх, шинжилгээ авах үйл явцыг мэргэжлийн эмчийн тайлбар, зааварчилгааны дагуу танилцуулсан юм.

Үүнд аймгийн БОЭТ-ийн эмч нар болон Эрүүл мэнд,  Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Зооноз өвчин судлалын төв зэрэг байгууллагын мэргэжилтнүүд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Энэ үеэр “ковид 19” халдвар илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамгийн түрүүнд буюу нэгдүгээр зэрэгт үүрэг гүйцэтгэнэ.

Тиймээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах,  бэлтгэл бэлэн байдлыг хангахад энэхүү дадлага сургуулилт чухал ач холбогдолтой гэж албаныхан онцоллоо.

Үүнээс гадна Ховд аймгийн БОЭТ-ийн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги бүрэлдэхүүний техник, багаж хэрэгсэлийн бэлтгэл бэлэн байдлыг газар дээр нь шалгасан бөгөөд ОБГ-аас зарим анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгсөн юм. 

Холбоотой мэдээ