Чикаго хотод Консулын газар нээхийг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-02-19 20:00:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Консулын газар нээх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.


АНУ-ын төвийн бүсэд, тодруулбал 8000 орчим монгол иргэн оршин суудаг Чикаго хотод консулын үйлчилгээг ойртуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар одоогоор 7 орон тоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 3 орон тоог нь Чикаго хотод нээх Консулын газарт шилжүүлэхээр төлөвлөж буйг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар байнгын хорооны хуралд танилцуулав. Мөн Консулын газрыг нээхэд улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүй гэдгийг онцлов.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Уг асуудлыг Засгийн газар эцэслэх юм.


Мөн хуралдаанаар Чиглэл өгөх тухай байнгын хорооны тогтоолыг хэлэлцэж, дэмжлээ. Тогтоолын төслийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав.


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-д айлчлахаар төлөвлөж байна. Тиймээс айлчлалаас өмнө Монгол Улс, АНУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай асуудлаар 1998 онд тогтоолыг шинэчлэхээр болсныг Гадаад харилцааны сайд онцлов. Тогтоолыг шинэчлэн батлах нь айлчлалд нөхөрсөг, дотно уур амьсгал бүрдүүлэхээс гадна АНУ-ын Конгресс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг батлахад чухал түлхэц болно гэж үзэж байгаа аж. АНУ-тай тогтоосон стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг тогтоолд онцолж тусгах нь Монголын төр, засаг АНУ-тай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн илэрхийлэл болно хэмээн үзэж байгаа аж. Уг төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ