У.Баттулга: Захчин домбо Ховдын брэнд бүтээгдэхүүн болсон

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-18 22:18:19

Ховд /МОНЦАМЭ/. Гэр ахуйн эдлэл хэрэглэлийг Монгол угсаатнууд арьс шир, мод, эсгий, чулуу ашиглан  хийж, хэрэглэсээр ирсэн.

Ховд аймгийн Манхан сумын харьяат, мужаан У.Баттулга хар мод, зэс ашиглан уламжлалт арга технологийн дагуу Захчин угсаатны цайны домбо урлаж байна.

Захчин угсаатны цайны домбо нь 2019 онд Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүн болсоноороо онцлогтой. Тэрбээр аливаа зүйлийг чин сэтгэлээсээ чанартай, өнгө үзэмжтэй хийхийг зорьдог аж. 

-Сайн байна уу? Та мужаан мэргэжлээр хичнээн жил ажиллаж байна?  

-Сайн, сайн байна уу?. Би мэргэжлээрээ 30 гаруй жил ажиллаж байна. Бага насандаа зурах авьяастай байсан. Тэгээд 1986 онд Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд цоохор хээ урладаг ажилд орж билээ.

Тэр үеэс хойш хээ зурахаас гадна бүх төрлийн мужааны ажил хийх болсон. Тухайн үед цоохор хээгээр тав, мужаанаар дөрөв дүгээр зэрэгтэй байсан юм. Улмаар 1990 оны эхээр сийлбэр хийх болов.

-Захчин угсаатны цайны домбо урлах арга технологийг суралцсан түүхээс хуваалцах уу?

-Нүүдэлчин Монголчуудын зан заншил, уламжлал, соёлын өвийг өдий хүртэл хадгалж, түгээн дэлгэрүүлэхээр зорьж байгаа нь хойч үедээ үлдээж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт.

Өв соёлоо сурталчлах нь миний үүрэг. Аливаа зүйлийн утга агуулга, мөн чанар, бэлгэдлийг нарийвчлан судалж, түүнд тулгуурлан чанартай зүйл урлан бүтээх нь хамгийн чухал.

Би 1989 онд домбо анх хийж эхэлсэн. Манай нутагт Н.Луузан гэдэг чадварлаг мужаан байсан. Тэр хүнээс миний ах У.Батсүх захчин домбо хийх арга барил, технологид суралцсан. Би ахаасаа суралцсан юм.  

-Захчин домбоны гол онцлог юу вэ? Хэрхэн урладаг вэ?

-Домбо бол нүүдэлчин ард түмний модон халуун сав гэдгийг сайн мэдэх байх. Би Захчин домбыг голдуу хар модоор хийнэ. Хар мод ус даах чадвартай. Гадуур нь зэс, гуулиар таван бүслүүр хийдэг. 3-5 литрийн багтаамжтай. Домбыг халуун усанд хийж хагсааж, ясны шөлөнд чанаж модны амт, үнэрийг арилгадаг. Домбонд хийсэн цай амттай, халуунаа удаан барина. Хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Домбыг хар модоор хийхдээ эхлээд хатаах ба 50 см-ээр бэлтгэж, харуулаар тэгшилнэ. Нэг домбыг хоёр өдрийн хугацаанд хийх боломжтой.

Улмаар домбыг самар эсвэл ургамлын тосонд дүрнэ. Ингэхээр өнгө нь хувирдаг.  Дараа нь давстай цай эсвэл ус хийж 2-3 өдөр болгоно. Ингээд иргэд домбыг өдөр тутам ашиглах боломжтой болдог. Домбо бат бэх учраас олон жил ашиглах боломжтой. 20-30 жил болж байгаа үе дамжсан домбо байдаг шүү дээ.   

-Домбоны дотор талыг яаж цэвэрлэх вэ?

-Домбыг жилд 1-2 удаа цэвэрлэнэ. Ингэхдээ голын усан доторх жижиг хайрга чулууг авч  домбо дотор хийж, зайлж сэгсрэх байдлаар цэвэрлэдэг.  

-Сүүлийн үед зарим хүмүүс домбо хийхдээ энгийн халуун савны дотор ашиглаж байна. Энэ нь хэр оновчтой бэ?

-Энэ бол энгийн халуун савнаас цай уухтай адил. Гэтэл захчин хүмүүсийн хэрэглэж ирсэн домбо халуун савны дотор гэж байхгүй.

Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийж байгаа учраас цэвэр эко хэрэглээ гэж үзэж болно. Тиймээс ахмад үеийнхний ходоод, дотор эрхтэн өвчлөлгүй, эрүүл мэндэд сайн гэж яригдах болсон.

Миний хувьд туршлагатай мужааны хэрэглэж байсан уламжлалт аргаар домбо хийж байна. Энэ бол өв соёлоо хадгалан хамгаалахад оруулж буй багахан хувь нэмэр гэж би боддог.

Орчин үед хүмүүсийн хэрэглээ, бүтээн туурвих сэтгэлгээнд дэвшил гарч байгаа боловч уламжлалт эд хэрэгсэл чухал байр сууриа алдахгүй гэж найддаг.

Домбо хийх нь маш нарийн ажиллагаа, ур чадвар шаарддаг учраас залуу мужаанууд жаахан шантраад байх шиг. Нэгэн түүхээс хуваалцахад, эрт үед нэг хүн домбо хийх гэж оролджээ.

Улмаар бэлтгэсэн модыг нийлүүлж чадахгүй, харуулдаж байтал мод нь нарийссаар байгаад дууссан гэх хууч яриа байдаг. Энэ бол домбо хийхэд гарын хүч их шаардах ба  ур дүй  хэрэгтэй гэдгийг илтгэж байна. 

-Таны урласан домбо 2019 онд Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүн болсон. Энэ тухай?

-Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны зургадугаар сарын 30-ны тогтоолоор “Ховдын брэнд бүтээгдэхүүн” шалгаруулах журам баталсан байдаг.

Ховд аймгийн  хэмжээнд худалдаа, үйлдвэр, үйлчилгээ явуулж буй 2300 гаруй  иргэн, аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл “Цайны зам” өв соёлын хоёрдугаар наадмын үеэр зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд оролцсон. Би ч бас мод, модны үндсээр ухаж сийлбэрлэн бүтээсэн модон эдлэл, захчин ардын ёс уламжлалд тулгуурлан хийсэн  домбо гэх мэт бүтээлээр оролцсон юм.

Ингээд “Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүн”-ээр захчин домбо шалгарч, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу брэнд бүтээгдэхүүний тэмдэгт хэрэглэх эрх, гэрчилгээ авсан.

Хийсэн бүтээлээ орон нутгийнхаа нэрийн бүтээгдэхүүн болгож, захчин угсаатны өв соёлыг сурталчилж чадсандаа баярлаж, бахархаж явдаг. Би бүтээлээ Дорнод, Хөвсгөл аймгаас гадна  БНХАУ, ХБНГУ зэрэг хэд хэдэн оронд явуулж байсан.

-Домботой холбоотой сонирхолтой түүх олон бий. Бидэнд хуваалцах уу?

-Сонирхуулахад, домбоны дээд талд буй жижиг нүх их учиртай. Эрт дээр үед нэгэн мужаан харамч хүнд домбо хийж өгчээ. Тэгэхдээ дээд талд нь зориудаар цоолж нүх гаргаагүй байна.

Тэгээд нөгөө харамч хүний гэрт зочин ирэхээр цай хийж өгнө. Тэгэхээр “боль боль” гэж дуу гараад байжээ. Энэ бол харамч домбо болчихсон хэрэг. Домбоны дээд талд буй жижиг нүхээр хий гарах учиртай.

Гэтэл нүхгүй учраас ийнхүү дуу гараад байж. Хүмүүст цай хийхээр “боль боль” гэж дуугараад байхаар нөгөө харамч хүн санаа зовж, их ичсэн байна. Тэрээр мужааныд дахин очиж, энэ цай хийхээр “боль боль” гээд байх юм.  Чи үүнийг болиулж өгөөч гэж хэлсэн байна.

Тэгсэн нөгөө мужаан за яахав би “боль боль” гэдгийг чинь болиулж болно. Харин чи хүн амьтанд гараа татахаа боль. Тэгээд маргааш ирж домбоо аваарай гэж хэлсэн. Маргааш нь ирэхэд домбоны дээд хэсэгт жижиг нүх гаргаж өгчээ. Түүнээс хойш нөгөө хүн харамч зангаа засаж, домбоны "боль боль" гэх дуу гарахаа больсон гэх хууч яриа бий.

-Та мод, модны үндсээр сийлбэрлэн бүтээсэн эдлэл хийж байгаа. Энэ талаар танилцуулна уу?

-Тиймээ. Сүүлийн үед хүмүүс өв соёлын бэлэгдэл гэдэг утгаар нь жижиг домбо, бусад төрлийн бэлэг дурсгалын зүйлс сонирхох болжээ.

Тухайлбал, модон суулга хийж байна. Эмгэлжин болон бусад төрлийн модны үндэс ашиглан ан амьтны дүрс сийлбэрлэдэг. Хийсэн бүтээлээ “Ховдод үйлдвэрлэв дэлгүүр дээр зарж байна. Бас гэрээр захиалгын дагуу борлуулалт хийж байгаа. Сард 20 орчим домбо хийгээд төвөггүй зарчихдаг. Нэг домбыг 200-300 мянган төгрөгөөр борлуулдаг.

-Эмгэлжин гэх модны үндэс заримдаа байгалиас тогтсон дүрс хэлбэртэй байдаг гэж сонссон. Түүнийг засварлаж, эко бүтээл хийж байна уу?

-Хүмүүс эмгэлжин гэх модыг түлшинд хэрэглэж байсан. Одоо багассан. Үүнтэй холбоотой нэгэн хууч яриа бий. Олон жилийн өмнө манай нутгийн нэгэн малчин айл могойны дүрс хэлбэртэй модны үндэс галд түлсэн гэдэг.

Энэ нь тухайн айлд муугаар нөлөөлж, золгүй үйл явдал болсон байна. Тэгээд ламаас асуухад могойны дүрстэй мод түлсэн гэжээ. Үүнээс хойш эмгэлжин модыг түлш болгон ашиглахаа больсон гэж ахмадууд ярилцдаг байсан.

Би ургаж буй модыг оролддоггүй. Харин олон жилийн настай, ургалт нь зогссон модны үндсийг ашиглаж бүтээл хийдэг. Мөн далны яс, чулуу ашиглан гар аргаар бүтээл хийж буй. Хүмүүс модны үндсээр сийлсэн бүтээлүүдийг их сонирхдог. Би 2008 онд Ховд аймагт уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж, 20 гаруй төрлийн бүтээл олон нийтийн хүртээл болгож байсан.

-Мужааны мэргэжлээр бахархдаг уу? Таны цаашдын зорилт юу вэ?

идний хийж бүтээсэн зүйлсийг хүмүүс өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах эсвэл хадгалдаг учраас бахархаж, баярлаж явдаг.

Ховд аймагт 500 гаруй мужаан мэргэжилтэй хүн бий. Тиймээс цаашид орон нутагтаа “Мужаанчдын холбоо байгуулж, тэднийг дэмжин урмшуулах, хөгжүүлэх ажил зохион байгуулахыг хүсдэг.

Учир нь мужаан хөдөлмөрлөөд л байдаг. Гэвч тэдний ур чадварыг төр засагаас үнэлэх нь тун ховор. Нүүдэлчин Монголчуудын эдэлж хэрэглэж ирсэн бүх эд зүйлийг мужаан урлах боломжтой.

Тэд нэг талаараа өв соёлоо уламжлан түгээн дэлгэрүүлэгчид гэж би боддог. Бас цаашид өв соёлыг харуулсан бэлэг дурсгалын зүйлс хийхээр зорьж байна.

99746008, 98430185 утасаар холбогдож захиалга өгөх боломжтой.  

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.  

Холбоотой мэдээ