Бүртгэлтэй ажилгүй иргэд 20.6 мянга байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-02-17 13:51:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг ҮСХ өнөөдөр цахимаар танилцуулж байна. Мэдээллийг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан, Үндэсний тооцооны шинжилгээ судалгааны газрын ахлах статистикч Н.Өлзийханд нар хүргэж байна. 


Монгол Улсад 1.3 сая хүний ажиллах хүч байна

Ажиллах хүчний судалгааны мэдээллээр Монгол Улсад 1.3 сая хүний ажиллах хүч байна. Оролцооны түвшин 60.7 хувь, үүнээс эрэгтэй 69 хувь, эмэгтэй нь 53.2 хувьтай байна. Нийт ажиллагсдын:

  • 623.9 мянга нь үйлчилгээ, 
  • 310 мянган ХАА-н салбарт, 
  • 254.5 мянга нь үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэд 20.6 мянга байна


Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны нэгдүгээр сарын эцэст ажилгүй 6.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.1 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ.

5.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод 2020 оны нэгдүгээр сард нийт 2.5 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 300 иргэн ажилд зуучлагдан орсон байна. 

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 595 (10.5 хувь) хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 85 (8.3 хувь) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 99 (1.9 хувиар) хүнээр өсжээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэд 15.5 хувиар буурав


Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны нэгдүгээр сарын эцэст 37.1 мянга, үүнээс 20.6 (55.5 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 16.5 (44.5 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.8 (15.5 хувь) мянган хүнээр, өмнөх оны эцсээс 149 (0.7 хувь) хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.9 (52.8 хувь) мянга нь эмэгтэйчүүд байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 326 (1.6 хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 160 (49.1 хувь) нь эмэгтэйчүүд байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны нэгдүгээр сард 6.3 мянган хүн шинээр бүртгүүлсний 55.4 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна. Нэгдүгээр сарын эцэст бүртгэлтэй ажилгүй 2 хүн тутмын нэг нь бүрэн дунд боловсролтой байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Өвөрхангай, Хэнтий, Архангай, Төв, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Ховд, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.2-10.9 пунктээр илүү байна.

Хөдөлмөрийн бүтээмж 8.7 хувиар өсжээ


Нэг ажиллагчид ногдох ДНБ-ний хэмжээ (хөдөлмөрийн бүтээмж) 2019 онд өмнөх оноос 8.7 хувиар өслөө. Нэг ажиллагчид ногдох ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15 сая төгрөг болж, өмнөх оноос 8.7 хувиар өссөн байна. Хөдөө аж ахуйн салбарын нэг ажиллагчид ногдох нэмэгдэл өртөг 14.3 хувиар, үйлчилгээний салбарынх 10.1 хувиар өссөн нь нэг ажиллагчид ногдох хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөд нөлөөлсөн байна.


Тодруулга: Засгийн газраас "COVID-19" коронавирусний халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” хэсэгчлэн шилжүүлсэн шийдвэрийн дагуу ҮСХ энэ оны 2 дугаар сарын 17-нд хийх “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн мэдээллийн хэвлэлийн бага хурлыг цахим хэлбэрээр хүргэж байна. 



Холбоотой мэдээ