Ч.Одсүрэн: Мөрөөдөж явсан ажлаа хийж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-02-17 14:03:58

Өмнөговь /МОНЦАМЭ/ Говь нутгаа ойжуулж, цөлжилтийг сааруулах ажлыг 29  жил хийж байгаа Ч.Одсүрэн чацарганы талбай байгуулж, арвин ургац хурааж байгаа аварга тариаланч юм. Тэрээр өөрийнхөө хөдөлмөрөөр энэ жил улсын аварга тариаланч болсон. Түүнтэй  үйлдвэр болон ажлынх нь талаар ярилцлаа.

-Танай компани өнгөрсөн жил шинэ үйлдвэр байгуулсан.Үйлдвэрийн онцлог болон Өмнөговьд байгаа үйлдвэрүүдээс ямар давуу тал байгаа вэ?

-Өмнөговь аймагтаа “Их говийн төгөл” ХХК-ийг байгуулж үйл ажиллагаа явуулаад 23 жил болжээ.Энэ хугацаанд мод үржүүлэг, ойжуулалт, газар тариалан, хөрс боловсруулалтын чиглэлээр голчлон ажиллаж ирсэн.

Энэ хугацаанд өөрийн болон говийн аймгуудын хэрэгцээт тарьц, суулгацыг бэлтгэн нийлүүлж говь нутгаа ойжуулах ажилд хувь нэмрээ оруулах зорилго өвөртөлж ажилласан. 2008 оноос говь нутагт бие даасан жимсний цэцэрлэг плантац байгуулах ажлыг 2 га талбайд хийснээр одоо жилдээ 10-15 тонн чацаргана жимс хураан авдаг боллоо.

Жимс жимсгэнэ тариалах, говьд нутагшуулах, ургац хураан авч боловсруулах зорилго зорилтын хүрээнд 2019 онд чацаргана жимсээр ундаа, өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэх анхны ундааны үйлдвэрийг орон нутагт байгуулахаар ажиллаж 2019 оны 11 дүгээр сард үйлдвэрийнхээ нээлтийг хийгээд байна.

- Өөрийнхөө тарьсан чацарганыг бүтээгдэхүүн болгожээ?

Тиймээ. Бид өөрийн тарьж ургуулсан болон зөвхөн говь нутагт тарьж ургуулсан тухайн газар нутаг, хөрс, цаг уур, усны онцлог шинж чанарыг шингээсэн амт чанар сайтай нутгийн чацаргана жимсээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн зорилго тавьж байгаа.


- Яагаад заавал чацаргана тариалж үүгээрээ үйлдвэр байгуулъя гэж бодсон юм бол? Говьд газар тариалан хэцүү шүү дээ.

Өмнөговь аймаг цөлөрхөг хээрийн бүсэд багтдаг хур бороо багатай, хуурай гандуу уур амьсгалтай нутаг. Харин муу агрономич байхаас муу хөрс гэж байдаггүй гэгчээр усны зөв эх үүсвэрийг бүрдүүлвэл говь нутагт бүрэн усалгаатай бүрдийн тариалан эрхлэх боломжтой.

Хөрсний онцлогт тохирох таримал ургамлыг сонгож тариалах нь чухал. Ингэснээр амьдрах чадвар сайн болно. Дараа нь ургац арвин ашиг тус ихтэй байхыг бодолцож ажиллах хэрэгтэй. Ер нь говь нутгаа ойжуулж ногооруулах, мод тарих чин хүсэл эрмэлзэл дээр л энэ ажил эхэлсэн.

Яагаад гэвэл говь нутагт байгалийн аясаар ургасан ой нь заган ойгоос өөр байхгүй. Тэгэхээр бид дэлхийн дулаарал, цөлжилт, ус булаг, бэлчээрийн хомсдол зэрэг ирээдүйд гарч болох эрсдэлээс нутаг усаа хамгаалах цорын ганц арга нь мод тарих.

1991 онд сургуулиа төгсөөд нутагтаа ирr Мод үржүүлэг ойжуулалтын хэсэгт техникчээр ажилд ороод л мод тарих ажилтай амьдралаа холбосон, үүнийгээ азтай үйл явдал болсон гэж боддог. Чацаргана жимс голын гольдрол дагаж тунамал чулуулаг бүхий хөрсөнд дасан зохицож өөрөөр хэлбэл хөрс голохгүйгээр ургадаг онцлогтой болохоор говийн үржил шим ядмаг хөрсөнд тохирно.

Мөн чацаргана жимс маш их амин дэм, витамин агуулсан хаан жимс, алтан жимс хэмээн үнэт чанараараа нэрлэгдэн танигдсан ургамал учраас говьд эхлээд чацаргана тариалсан.

Дараа нь олон сайхан жимсийг тариалж говь нутгийн жимсний аж ахуйг хөгжүүлэх ажилд хувь нэмрээ оруулах мөрөөдөлтэй явна. Мөрөөдөж явсан ажлаа өөрийн хөрөнгө боломждоо тохируулан хийж байгаа нь энэ юм даа.

- Говь нутагт газар тариалан эрхлэхэд усны асуудал тулгамддаг. Үүнийг хэрхэн даван туулж байна?

-Тиймээ говь нутаг ил хөрсний ус урсац, гол мөрөн байхгүй. Гэхдээ уулын болоод талын жижиг булаг, задгай элбэг байдаг. Мөн усны нөөц ундарга сайтай, байгалиас говь нутгийн хүн амьтан ургамлыг ундаал гээд заяагдсан мэт усны эх үүсвэрүүд олон.

Харин бид  усаа эх дэлхийгээ бодож зөвхөн ногоон амьдрал, ногоон ирээдүй, ногоон эдийн засаг бий болгохийн төлөө л ашиглах хэрэгтэй гэж бодож явдаг. Ийм байдлаар уулын булаг, задгай ус, ундарга сайтай худаг ашиглаж байгуулсан ойн зурвас, жимсний плантац, тариалангийн талбай 100 гаруй га талбай байгаа.

Тухайлбал өөрийн хөрөнгөөр байгуулсан Булган сум Хавцгайтад 15 га ойн зурвас, Эхэнэ хөөвөрт 2,0 га чацаргана, 1,0 га ногооны талбай, Нүцгэн хэмээх газарт 2,0 га ойн зурвас, ногооны талбай, Даланзадгадад 80,0 га ойн зурвас гээд байгуулсан талбайнууд ойжуулаад байна.

- Чацарганы хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

"Төгөл" ундаа цэвэр усны үйлдвэрээс одоогийн байдлаар "Говь чацаргана" нэрийн өтгөрүүлсэн шүүс 0,5л, шууд уух ундаа 0,5л, чацарганы цэвэр тос 100 гр хэмжээтэй савалж  хэрэглэгчдэд хүргэж байна. Удахгүй чихэргүй цэвэр шүүс 0,5 литрээр бэлтгэн гаргана.