Австралид 113 төрөл зүйлийн амьтанд “яаралтай тусламж” шаардлагатай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-02-12 12:01:02

КАНБЕРРА. /BBC/. Австрали улсад дэгдсэн ойн түймрийн улмаас тоо толгой нь хорогдож, идээшсэн нутаг нь сүйдсэн 113 төрөл зүйлийн амьтанд “яаралтай тусламж” шаардлагатай байна гэж тус улсын Засгийн газар мягмар гарагт мэдээлсэн байна. 


“Аль нэг төрөл зүйлийн амьтан бүрмөсөн мөхсөн тохиолдол байхгүй” гэж Засгийн газар мэргэжилтнүүдийн судалгааг иш татан мэдээлжээ. Гэсэн хэдий ч Австралийн өмнөд болон зүүн хэсгийн нутгуудад дэгдсэн өргөн хүрээг хамарсан ойн түймрийн улмаас амьтад идээшсэн нутгийнхаа дор хаяж 30 хувийг алджээ.


“Коала баавгай, шувууд, загас, мэлхийн төрөл зүйлүүдэд хамгийн их тусламж шаардлагатай байна” гэж мэргэжилтнүүд мэдээлжээ. Өмнөх судалгаануудын тогтоосноор, ойн түймэрт 1 тэрбум гаруй амьтан үрэгдсэн байна.


Австралийн Ойн түймэрт нэрвэгдсэн зэрлэг, ховордсон ан амьтдын тоо толгойг сэргээх зөвлөл яаралтай тусламж хэрэгтэй байгаа амьтдын жагсаалтыг мягмар гарагт танилцуулжээ.


Бүрмөсөн мөхөх аюул нүүрлэсэн амьтдад зарим төрөл зүйлийн мэлхий, хулгана, гүрвэл багтсан бол тоо толгой нь олноор хорогдсон амьтдад коала баавгай, саарал хулгана зэрэг орсон бөгөөд тэдгээрийн тоо толгойг нөхөн сэргээх ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай ажээ.


Уг зөвлөлийн тайланд дурдсанаар, зарим төрөл зүйлийн амьтад ойн түймэр дэгдэхээс ч өмнө устаж үгүй болох аюул нүүрлээд байсан бол ийм аюулд ороогүй байсан зарим төрөл зүйлийн амьтад түймрийн улмаас тоо толгой нь цөөрчээ.


Австралид нийт 22 төрөл зүйлийн хавч, 20 төрөл зүйлийн хэвлээр явагч, 19 төрөл зүйлийн хөхтөн амьтан, 17 төрөл зүйлийн загас, 13 төрөл зүйлийн шувуу, 5 төрөл зүйлийн сээр нуруутан амьтан аюулд ороод байна гэж дээрх тайланд дурдсан байна. 


Ойн түймрийн улмаас аюул нүүрлэсэн ургамлын төрөл зүйлүүдийн жагсаалтыг тун удахгүй гаргана. Зарим нутагт түймэр дэгдсэн хэвээр байгаа нь хохирлын хэмжээг бүрэн тодорхойлоход бэрхшээл учруулж байна. Мөн түймэрт нэрвэгдсэн зарим хэсэгт нэвтрэх боломжгүй байгаагийн улмаас нарийвчилсан үнэлгээ хийхэд хүндрэлтэй байнагэж Байгаль орчны яамны сайд Сусан Лей мэдэгджээ.


Австрали улс зэрлэг амьтдын тоо толгой болон тэдгээрийн идээшсэн нутгийг нөхөн сэргээхэд 33 сая ам.долларыг өнгөрсөн сард төсөвлөсөн бөгөөд үүнийг амьтдыг эмчлэх, хоол тэжээлээр хангах, хортон шавьжтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэгт зарцуулах юм.


Б.Отгонтуяа

Холбоотой мэдээ