Хүн ам, орон сууцны тооллогын тайлан мэдээг Үндэсний Статистикийн хороонд хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-12 12:04:47

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт зохион байгуулсан хүн ам, орон сууцны тооллогын урьдчилсан тайлан мэдээг аймгийн Статистикийн хэлтсээс Үндэсний Статистикийн хороонд хүргүүллээ.

Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг энэ оны нэгдүгээр сарын 9-15-нд хуулийн дагуу зохион байгуулсан. Тооллогын аймгийн комисст 22 хүн, сумдын комисст 245 хүн, аймгийн түр товчоонд 11, сумдын түр товчоонд 106, багийн түр товчоонд 397, тоологчоор 103, шалгагчаар 28 бүгд 912 хүн ажиллажээ.

Тооллогын явцын мэдээг тоологчоос эхлэн шат шатандаа өдөр бүр нэгтгэн гаргаж, түүвэрлэн ирүүлсэн өрх, хүн амыг бүрэн тоолсон дүнтэй байна. Түүврийн тооллогын урьдчилсан дүнгээр 2840 өрх, 10111 хүн амыг тоолсон. Үүнээс байнга оршин суугч 9961, түр суугаа 127, түр эзгүй 23 хүн, мөн гадаадад оршин суугаа 42 хүн тоологджээ.

Тооллогын сурталчилгааг шат шатандаа сайн зохион байгуулсан ба иргэд тооллогод идэвхтэй оролцсон гэдгийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Урьдчилсан байдлаар хүн ам орон сууцны ээлжит тооллогод төсвөөс 123892.2 мянган төгрөгийг зарцуулжээ. 

 

Холбоотой мэдээ