Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагааг ирэх сарын 2 хүртэл зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-02-11 22:51:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 4-р хуралдаанаар шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагааг энэ сарын 11-нээс 3 дугаар сарын 2 хүртэл хориглох шийдвэр гаргалаа.

Тодруулбал олон хүн цуглардаг баар, зоогийн газар, буудал зэрэг газрууд үүнд хамрагдах бөгөөд дэлгүүр цагийн хуваарийн дагуу иргэдэд хэвийн үйлчлэх гэнэ. Тус аймгийн Онцгой комиссын 3-р хуралдаанаар орон нутгийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээ хийх, шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, бэлтгэл байдлыг хангуулах, ард иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах зорилгоор шуурхай штабыг байгуулсан.

Шуурхай штабыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр даргалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах бодлогын бичиг баримтын төслийг боловсруулж биелэлтийг хянан ажиллаж байна.

Холбоотой мэдээ