Титэмт вирус нефтийн үнэд нөлөөлсөн нь

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-02-08 12:54:54

Хятад болон бусад улсад шинэ төрлийн титэмт вирусээр үүсгэгддэг уушгины хатгалгаа өвчин дэгдсэний улмаас олон төрлийн түүхий эдийн үнэ ханш буурч байгаагийн дотор түүхий газрын тосны үнэ хамгийн ихээр буюу 10 гаруй хувиар уналаа. Тодруулбал, АНУ-Хятадын худалдааны харилцаа хэвийн болж байгааг дагаад алгуур өсөж байсан Брент маркийн нэг баррель нефтийн үнэ вирусийн тухай мэдээлэл анх цацагдаж байсан 1 дүгээр сарын 20-доор 65 доллар байсан бол одоо 55 доллароос доошилжээ.


Хятадын засгийн газрын шинжээчдийн таамаглаж байгаагаар, шинэ төрлийн вирусийн тархалт 2 дугаар сарын эхэн ба дунд үед оргилдоо хүрснээр тус улсын ДНБ-ний өсөлт энэ оны эхний улиралд 1 хувиар саарах төлөвтэй байна. Ийнхүү дэлхийн хоёрдахь том эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь газрын тосны үнэд шууд нөлөөллөө. Тодорхой хэлбэл, Хятадад нефтийн хэрэглээ 20 хувиар буурчээ.


Оны эхээр АНУ-Ираны харилцаа хурцдах үед 70 долларт хүрээд байсан түүхий нефтийн үнэ огцом доошилсон нь юуны түрүүнд дэлхийн агаарын тээврийн салбарт тэргүүлдэг United Airlines, American Airlines, Lufthansa, British Airways, Cathay Pacific зэрэг компаниуд Хятад руу хийж буй алсын нислэгүүдээ эрс цөөлж, заримыг нь бүрмөсөн зогсоосны улмаас онгоцны түлшний эрэлт буурсантай шууд холбоотой. Түүнээс гадна, Цагаан сарын үеэр долоо хоногийн дотор 70-80 мянган нислэг үйлдэж, 8-9 сая зорчигч тээвэрлэдэг Хятадын авиакомпаниудын түлшний хэрэглээ хөл хорионоос шалтгаалан огцом багасчээ. Хятадын Тээврийн дэд сайдын ярьснаар, Цагаан сарын эхний өдөр л гэхэд агаарын тээврээр үйлчлүүлсэн хүмүүсийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 41,6 хувиар цөөрсөн байна. Үүнтэй холбогдуулан нэг жишээ дурдахад, том оврын нисэх онгоц Лос-Анжелес-Токиогийн чиглэлд нисэхдээ нэг талдаа 226 баррель буюу 36 тонн орчим түлш зарцуулдаг гэдгээс харвал түлшний хэрэглээ хэр зэрэг буурсан нь тодорхой болно. 



Коронавирус бол давагдашгүй хүчин зүйл


Ер нь бол, нефтийн үнэ бүрэлдэх үйл явц маш олон хүчин зүйлээс хамаардаг. Үүнд: эрэлт ба нийлүүлэлт, олборлож буй газрын тосны хэмжээ, дэлхийн эдийн засгийн байдал, янз бүрийн түвшний хэлцлүүдээс гадна экспортлогч оронд тавьсан хориг, дайн, террорист халдлага, байгалийн гамшиг гэх мэт давагдашгүй хүчин зүйлүүд, түүнчлэн олборлолтын өртөг, нефтийн төрөл марк, сэргээгдэх эрчим хүчний салбарын төлөв байдал зэргийг дурдаж болно. Эдгээр олон хүчин зүйлс газрын тосны үнэд нөлөөлдөг учраас олон улсын байгууллагууд, улс орнуудын шинжээчдийн хийж буй таамаглалууд хоорондоо зөрөх нь ердийн үзэгдэл.


Тэгвэл Хятадын Ухань хотод дэгдсэн титэмт вирусын тархалт бол урьдчилан таамаглах боломжгүй давагдашгүй хүчин зүйлүүдийн нэг яах аргагүй мөн. Ухань болон бусад том хотуудад хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласнаас гадна зарим үйлдвэрүүдийг хаасан явдал нефтийн хэрэглээ буурахад нөлөөллөө.


Титэмт вирусийн улмаас Хятад болон Зүүн Өмнөд Азийн орнуудад бизнес, аялал жуулчлалын салбарын идэвхжил суларсныг дагаад нефтийн эрэлт буурсаар байна. Тооны хэлээр өгүүлэхэд, дэлхий даяар газрын тосны эрэлт хоногт 3,3-3,9 сая баррелиар буурах төлөвтэй байна. Үүнээс Хятадын хэрэглээ хоногт 2,5-2,7 сая баррелиар, бүс нутгийн бусад улсынх 0,8-1,2 сая баррелиар буурна гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Дашрамд дурдахад, хоногт 14 сая баррель газрын тосыг дэлхийн 11 орноос худалдан авдаг хамгийн том импортлогч болох Хятад улс дотооддоо хоногт 4 сая баррелийг олборлодог байна.


Блүүмбэрг агентлагийн шинжээчдийн үзэж байгаагаар, эрэлт огцом буурсан нь 2008-2009 оны санхүүгийн хямралаас хойш нефтийн зах зээлд тохиосон хамгийн хүчтэй “шок” төдийгүй 2001 оны 9 дүгээр сард АНУ-д ихэр хоёр цамхаг террорист халдлагад өртсөнөөс хойш нефтийн хэрэглээ хамгийн ихээр буурсан тохиолдол ажээ.


ОПЕК+ ойрын үед яаралтай хуралдана


Ройтерс агентлагийн мэдээлснээр, титэмт вирусээс шалтгаалан нефтийн эрэлт огцом буурсан тохиолдолд ОПЕК+-ийн орнууд үнийг 50 доллароос буулгахгүйн тулд олборлолтыг танах тухай хэлэлцээрээ сунгах асуудлыг ойрын үед хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 3 дугаар сарын 5-6-нд товлосон ОПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг 2 дугаар сарын дундуур хийх бололтой. Уулзалтын явцад гишүүн орон тус бүр олборлолтоо хоногт 500 мянган баррелиар багасгахаар тохиролцож магадгүй тухай Ройтерс мэдээлсэн бол Wall Street Journal  сэтгүүлд бичсэнээр, зөвхөн Саудын Арави улс олборлолтоо хоногт 1 сая баррелиар түр хугацаанд танах бололтой. Тус улсын Эрчим хүчний сайд Абдул-Азиз бен Салман аль-Сауд-ын хэлснээр, коронавирусээс болгоомжилсон “сэтгэлзүйн хүчин зүйл” нефтийн үнэд илүү хүчтэй нөлөөлж байгаа ажээ.


Одоогоор ОПЕК+ түншлэлийн техникийн хорооны зөвлөлдөөн болж байгаа бөгөөд энэ үеэр титэмт вирусийн халдвараас үүдэн олборлолтыг дахиад хоногт 600 мянган баррелиар нэмж таная гэсэн шинжээчдийн саналыг Орос улс зөвшөөрөөгүй ба байдлыг харзнах байр суурьтай байна. 


Хэдхэн хоногийн өмнө ОПЕК+ хэлэлцээрт багтдаг орнууд “олборлолтоо танах тохиролцоогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж магадгүй” гэсэн мэдээлэл цацагдсаны дараа үнэ 55 доллароос буцаад дээшилжээ. Дээрх тохиролцоо энэ оны 3 дугаар сар хүртэл үйлчлэх ёстой байсан бол коронавирусын тархалтаас шалтгаалан түүнийг 6 дугаар сар хүртэл сунгах болов уу гэж шинжээчид үзэж байна. Үүний тулд ОПЕК-ийг даргалж буй Алжир улс 3 дугаар сард болох уулзалтыг наашлуулах санал гаргажээ.


17 жилийн өмнөхтэй харьцуулах нь


Үүсээд буй нөхцөл байдлыг 2003 онд дэгдсэн SARS буюу "амьсгалын цочмог халтай хамшинж” өвчин тархаж байсан үетэй харьцуулж буй шинжээчид олон байна. Тэр үед хөрөнгийн зах зээлд уналт болж, нефтийн үнэ 15 доллароор буурч 40 орчим долларт эргэлдэж байсан нь одоогийн нөхцөл байдалтай төстэй байгааг ажиглагчид онцоллоо. SARS-ын улмаас 774 хүн буюу өвчилсөн 10 хүн тутмын нэг нь амиа алдаж, дэлхийн эдийн засагт 40 тэрбум долларын хохирол учирсан гэх тооцоо бий. 40 тэрбумын хохирлыг харьцангуй бага гэж үздэг боловч тухайн үед Хятадын эдийн засгийн багтаамж 1,7 их наяд доллароор /дэлхийн ДНБ-ний 4 хувь/ хэмжигдэж байсан бол өдгөө 15 их наядаас давж дэлхийн ДНБ-ний 17 хувийг бүрдүүлж байгааг дурдах нь зүйтэй.


Дэлхийн II дайнаас хойш болсон хямралууд ихэнхдээ АНУ-аас эхлэлтэй байж, улмаар бусад улсыг хамарч байсан учраас “Америк найтаахад дэлхий даяараа ханиад хүрнэ” гэсэн хэлц үг гараад байсан бол өдгөө энэ нь Хятад улсад шууд хамаатай болоод байна. 2003 оноос хойш 9 дахин томорсон Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагтай маш нягт интеграцид орсон учраас тус улсын эрх баригчид коронавирусийн тархалтын асуудалд илүү хариуцлагатай хандах нь зүйн хэрэг. 


SARS дэгдэж байх үед хөрөнгө биржид үнэт цаасны ханш унаж, нефтийн үнэ буурсан нь хоёр хүчин зүйлтэй холбоотой байсныг шинжээчид дурддаг. Тодорхой хэлбэл, уг вирус хаанаас гаралтай, хэрхэн тархаж буйг тогтоохын тулд эмч мэргэжилтнүүд нэлээд хугацаа алдсанаас гадна 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагын дуулиан намжаагүй, агаарын тээврийн компаниуд нислэгийн тоогоо цөөрүүлээд байсан үе таарчээ.  


Харин өнөөдөр коронавирусийн халдвар дэгдээд буй үед Хятадын эрх баригчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүдтэй нягт холбоотой ажиллаж, хөл хорио тогтоосон нь цагаа олсон арга хэмжээ юм. Түүнээс гадна, титэмт вирус үндсэндээ эх газрын Хятадад тархаж,  бусад улсад халдварын цөөн тохиолдол илэрсэн, өмнө нь тархаж байсан САРС зэрэг вирустэй харьцуулахад титэмт вирусээр амиа алдсан хүний тоо цөөн байгааг дурдаж болно. Гэсэн хэдий ч өвчнийг түргэн хугацаанд оношлох боломж хязгаарлагдмал, вирусийг дарах вакциныг эмчилгээнд нэвтрүүлээгүй байгаа нь халдварын цар хүрээг бодитойгоор тогтооход хүндрэл учруулж байна.


Цаашид яах бол?


Халдварын цар хүрээ цаашдаа хэрхэн тэлэх вэ гэдгээс нефтийн зах зээлийн төлөв байдал хамаарахаар байна. Зарим шинжээчдийн үзэж байгаачлан халдварын оргил үе 4 дүгээр сарын сүүлчээр тохиох аваас тухайн үед Хятадын болон дэлхийн зах зээлд бий болох нефтийн илүүдэл нөөц хэдэн арван сая тонн, тэр ч бүү хэл 100 сая тоннд хүрч магадгүй. Эл тохиолдолд нефтийн үнэ огцом унаж, экспортлогч орнууд ашиг олж чадахааргүй нөхцөл байдал үүсч мэднэ. Тухайлбал, Брент маркийн түүхий газрын тосны ханш 47 доллар болж буурч магадгүй гэдгийг Citigroup-ын шинжээчид  анхаарууллаа.


Нөгөөтэйгүүр, дээрх өвчнүүдийн дэгдэлтийн оргил үе нь голдуу 6-7 дахь долоо хоногтоо тохиодог бөгөөд үүнээс хойших хугацаанд өвчилсөн хүмүүсийн тоо эрс буурдаг байна. Ингэж тооцвоос, коронавирусын тархалтын ид үе нь тун удахгүй тохиож, аажмаар өвчлөл буурах магадлалтай. Үүнтэй холбогдуулан 17 жилийн өмнөх явдлыг эргэн сануулахад, вирусийн тархалт буурч эхлэнгүүт л нефтийн үнийн уналт зогсч байжээ. Үүнтэй зэрэгцээд 2003 оны 4 дүгээр сард Саддам Хусейний дэглэмийн эсрэг олон үндэстний эвслийн цэргийн ажиллагаа эхэлсэн даруйд газрын тосны үнэ өмнөх хэмжээндээ хүрч, улмаар 2008 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд бараг 4 дахин өсөж байсан билээ. 


Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, титэмт вирусийн эсрэг эм гарган авахад ахиц гарсан тухай Хятадын эрх баригчид мэдээлсний дараа нефтийн үнэ өсөх хандлагатай болсон байна. Лхагва гарагт Лондонгийн биржид болсон арилжаагаар Брент маркийн нэг баррель нефтийн үнэ 55,35 доллар болжээ.


Б.Адъяахүү

Холбоотой мэдээ