Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын болон Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай тогтоолыг Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор баталлаа.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод нь 21 аймаг, нийслэлд байгуулагдаж, нэг хороо 7-9 хүний бүрэлдэхүүнтэй буюу нийт 196 төрийн албан хаагч ажиллах болсон байна. Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд орсон, сонгуулийн хууль тогтоомжийн талаарх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас сонгуулийн хороодод өмнө нь ажиллаж байсан ажлын туршлагыг нь харгалзан томилжээ.
Мөн тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу Сум, дүүргийн сонгуулийн хороо байгуулж, ажиллуулахыг Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт үүрэг болгосон байна.
Н.Туяа