М.Анхтуяа: Төслийн хүрээнд бүлгүүдийг 54.0 сая төгрөгөөр дэмжсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-05 16:07:34

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн арван суманд “Гэгээн ирээдүй” төслийг ФЛОМ байгууллагаас хэрэгжүүлж байгаа. Төслийн үр дүн, үр ашиг хэнд, хэрхэн хүрч байгаа талаар ФЛОМ байгууллагын Архангай салбарын дарга М.Анхтуяатай ярилцлаа. 

-Танай төслийн өмнөх жилүүдийн үйл явц, үр дүнг дүгнээд хэлбэл?

-Манай төслийн зорилго нь Архангай аймгийн өрх толгойлсон иргэд ялангуяа эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн амьдралыг сайжруулах, нийгэмшүүлэхэд чиглэгдсэн байдаг. 2017-2018 онд “Гэгээн ирээдүй” төслийн 1-р шатлал нь зорилтот 10 сум буюу Эрдэнэбулган, Цэцэрлэг, Жаргалант, Хайрхан, Чулуут, Тариат, Ихтамир, Хотонт, Цэнхэр, Хашаат сум руу төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нийт 2687 иргэнд хүрч ажилласан. Үүнийг задалбал 1043 эмэгтэйчүүд, 1021 өсвөр үе, 89 залуу хосуудад хүрсэн байна.

2019-2020 онд төслийн 2-р шатлал явагдаж байгаа. Энэ хугацаанд 122 өрхийг онцлон сонгож ажиллана. 2019 онд өрхүүдээ сонгон, өрхийн хөгжлийн үнэлгээг хийсэн. 2019 онд мэргэжлийн сургалт болон бизнес сургалтад 66 хүнийг, ТББ-ын 50 хүн суралцсан. Сургалтын ажлыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр давтамжтай түгээж ойролцоогоор 30000 орчим хүнд хүрч, төслийн ашиг шимийг хүртсэн байна.

-Зорилтот өрхүүд рүү чиглэсэн ямар ямар үйл ажиллагааг хийсэн бэ?

-Архангай аймгийн өрх толгойлсон иргэдийг төрийн үйлчилгээ болон бусад үйлчилгээ авахад дэмжих зорилтот 10 сумын 122 өрхөд өрхийн хөгжлийн үнэлгээг хийж, төлөвлөгөөгөөр дамжуулан өрх толгойлсон иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг сайжруулсан. Мэргэжлийн ур чадвар олгох, бизнес сургалтуудад суралцсан иргэдээс нийт 20 бүлэг үүсэн 70 гаруй иргэн гарааны дэмжлэг, 15 иргэнд өрхийн дэмжлэг өгч ажлын байр бий болгон ажиллаж байна. Цаашид өрх болон бүлгийн үйл ажиллагааг тухайн сумдын ТББ хариуцан ажиллаж байгаа.


-Харин сумдуудтайгаа хэрхэн яаж ажилласан бэ?

-Зорилтот 10 суманд 14 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг, өдөрлөгийг, 19 удаагийн чадавхжуулах сургалтыг тус тус зохион байгуулсан. Энд нийт 720 гаруй иргэн оролцсон. Мөн арван суманд арван ТББ-ыг үүсгэн, төсөлтэй хамтран гэрээлэн ажиллаж, үйл ажиллагааг нь тогтвортой явуулж байна.


-Орон нутгийн төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажилладаг вэ?

-2019 онд зорилтот сумдын ЗДТГ, ХХҮГ-тай санамж бичиг байгуулан ажилласан. Мөн аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын төв, ХХҮГ, Эрдэнэбулган смуын ЗДТГ байгууллагуудтай сургалт, хэлэлцүүлэг, нийтийг хамарсан өдөрлөг үйл ажиллагаануудад хамтран ажилласаар ирсэн. Хамтран ажиллана гэдэг бол биднийг дэмжиж байгаагийн нэг хэлбэр юм.


-Нийгэм сэтгэлзүйн чиглэлээр ямар ажлууд хийсэн бэ?

-2017-2019 онд төслийн хүрээнд зорилтот иргэдэд дараах үйл ажиллагаагаар дамжуулан нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал, сэтгэлзүйн сургалтаар зорилтот иргэдийн сэтгэлзүйн мэдлэгийг дээшлүүлэх, асуудлыг эерэгээр даван туулахад туслах мэдлэгийг олгох, аливаа эрсдэлт зан үйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан. Сэтгэлзүйн зөвлөгөөг өгсөн. Энэ нь хувь хүн өөрөө асуудлаа олоход нь туслах, зөв арга шийдлийг олоход нь дэмжих, өөрөө асуудлаа ухамсарлахад нь тусалдаг. Дэмжих бүлгийн үйл ажиллагааны хүрээнд ижил асуудалтай, ижил бэрхшээлтэй иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэж, өөрсдийн бололцоог илрүүлэн хөгжүүлэх, зөв дадал хэвшил зан үйл суралцахад нь туслах, туршлагыг ашиглах, дамжуулах аргыг хэлж өгдөг. Энэ үйл ажиллагаа бол 20 дэмжих бүлгийн 110 гишүүнд хүрсэн.  

Нийгэм сэтгэл зүйн дэмжих үйл ажиллагааг ФЛОМ байгуулага, орон нутгийн ТББ-ууд, сумдын нийгмийн ажилтнууд болон Монгол-өрх сэтгэлзүйн хүрээлэнгээр чиглүүлэн сумдын ТББ-ын дэргэд явуулсан. Төсөл зорилтот газруудад нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг хүргэхэд сэтгэлзүйн үйлчилгээний чадамжийг олгож, сургагч багш нар бэлтгэсэн. Нийгэм сэтгэлзүйн дэмжлэг авснаар тухайн хүн хамт олон дунд нийгэмшиж, бусдаас суралцаж, төрийн үйлчилгээг авахад тусална.


-Танай төсөл хэрэгжих хугацаандаа хичнээн төгрөгийг үйл ажиллагаандаа зарцуулсан бэ?

-ФЛОМ байгууллага нь Архангай аймагт 2017-2019 онд Финланд улсын ГХЯ-ны санхүүжилтээр нийт 889,922,883 төгрөгийн хөгжлийн төслийг хэрэгжүүлсэн. Үүнээс онцгойлон дурдвал өрхүүдийн бүлгийн дэмжлэгт 54.0 сая, ТББ-уудтай гэрээлэн гүйцэтгэх ажилд  46.5 сая төгрөгийг зарцуулсан байна.

-Тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээ