Мэс заслын тасагт хүүхдийн өрөө тохижуулж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-02-04 10:30:36

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ГБХЗХГ-аас “Хүүхдэд ээлтэй он дэд хөтөлбөрийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хүүхдийн өрөөг тохижуулж, энэ сарын 31-нд хүлээлгэн өглөө.

Ингэснээр тус тасгаар үйлчлүүлж буй хүүхэд багачуудын хувьд тохилог, ая тухтай орчин нөхцөлд хэвтэн эмчлүүлэх боломж бүрдсэн байна. Тус өрөөнд хүүхэлдэйн баатруудтай тоглоомууд, англи хэлний толь, сурах бичгүүд, номын сан, хувцасны шүүгээ, аяга таваг зэргийг хийж байршуулжээ. Мөн хүүхдийн зориулалтын орыг удахгүй хүлээлгэн өгөх юм байна.

“Мэс заслийн тасгаар үйлчлүүлэгч хүүхдүүдийн хувьд сэтгэлзүйн талаасаа насанд хүрсэн хүмүүсээс өвчнөө эдгээх, давж гарах тал дээр илүү удаан байдаг бөгөөд тусгаарлах өрөөтэй болсноор хүүхдүүдийн сэтгэл санааг дэмжих, сатааруулж, хурдан эдгэхэд томоохон ач холбогдолтой ажил боллоо. Энэхүү өрөөг тохижуулж өгсөн Б.Нансалмаа даргатай аймгийн ГБХЗХГ-ын хамт олонд Увсын хүүхэд, багачуудын өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье. Энэ өрөөнд зөвхөн тохижилтын ажил хийсэн, одоо тоног төхөөрөмжийн хувьд дутмаг байгаа тул албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийг хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байна” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч Л.Ганхуяг хэллээ.

Холбоотой мэдээ