Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сугалааг ирэх сараас явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-02-01 19:53:15
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Түрээсийн орон сууцны талаар аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал мэдээлэл хийлээ. ТОСК-аас Орхон аймагт 315 айлын орон сууц барьж түүнийг иргэдэд түрээслүүлэх болон худалдан борлуулахаар болсон.

Иймд өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-нээс нэг сарын хугацаанд иргэдийн өргөдлийг хүлээн авч нэгдүгээр сардаа багтаан түрээслүүлэх иргэдээ сонгон шалгаруулах байсан. Гэвч шинэ төрлийн корововирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд олон нийтийн үйл ажиллагааг түр хориглосонтой холбоотойгоор сугалааг хойшлууллаа. Хорио, цээрийн дэглэм цуцалсны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сугалаа явуулах хугацааг мэдээлэх юм. Нийт 1495 өргөдөл иржээ.

Иргэдэд түрээсээр олгох 315 айлын орон сууцны 30 хувийг нь худалдан борлуулахыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн 70 хувийг нь түрээсэлнэ. Түрээслэх 220 айлын орон сууц байгаа юм.

Дээрх орон сууцны барилгыг “Очир Ундраа”, гадна инженерийн шугам сүлжээг “Гурван булаг сод” ХХК барьжээ. Гадна тохижилтыг Улаанбаатар хотын компани гуравдугаар сарын 15-нд дуусгахаар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ