Ази, Европын парламентын түншлэлийг бодит хамтын ажиллагаанд чиглүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-04-22 20:39:18

Монгол Улсын Их хурлаас Ази, Европын парламентчдын түншлэлийн Есдүгээр уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Уулзалтын дүнгээр хоёр тивийн хууль тогтоогчид Тунхаглал батлав.

Энэ удаагийн уулзалтад Австрали, Австри, Бельги, БНАЛАУ, БНСУ, БНХАУ, Болгар, Вьетнам, Дани, ИБУИНВУ, Индонез, Испани, Итали, Казахстан, Камбож, Кипр, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Польш, Сингапур, Тайланд, Унгар, Филиппин, Финланд, Франц, Хорват, Швед, Швейцарь, Энэтхэг, Япон зэрэг АСЕМ-ын гишүүн 32 улсын парламентын гишүүд болон Европын парламентын нийт 170 төлөөлөгч оролцсон юм. Парламентын төлөөлөгчид уулзалтын үеэр Нэгдсэн болон Салбар хуралдаанууд, хороодын хуралдаанд идэвх санаачлагатай оролцсон бөгөөд уулзалт найрсаг хамтын ажиллагааны уур амьсгалд болж өрнөв.

АСЕМ-ын үйл ажиллагааны салшгүй хэсэг болох АЕПТ-ийн Есдүгээр уулзалт нь АСЕМ болон хоёр тивийн парламентын 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог байлаа. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү уулзалтаар АЕПТ-ийн өнгөрсөн 20 жилийн ажлын явцыг дүгнэн, цаашид баримтлах чиглэлээ түлхүү ярилцаж, олон улсын болон бүсийн энх тайван аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил зэрэг өргөн хүрээний асуудлаар хоёр тивийн хууль тогтоогчид санал бодлоо солилцлоо.

Түүнчлэн Ази-Европын парламентчид дэлхийн болон бүсийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхдээ олон улсын эрх зүйн бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээний дагуу яриа хэлэлцээ хийх замаар эв зүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн нэгдмэл байр суурьтай байсан юм.

Уулзалтын үндсэн үйл ажиллагаа “Ази-Европын Парламентын Түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” сэдвээр Нэгдсэн хуралдаан болон “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа” болон “Ирээдүйн төлөөх түншлэл” сэдвээр салбар хуралдаанууд болсон юм.

Салбар хуралдаануудаар нэгдсэн байр суурьт хүрэв

“Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт нэгдүгээр салбар хуралдаанаар хоёр тивийн парламентчид хэд, хэдэн чухал асуудлаар саналаа солилцож, нэгдсэн нэг шийдэлд хүрсэн юм. Тухайлбал салбар хуралдаанд оролцсон парламентын гишүүд хүчин чармайлтаа нэгтгэн хамтын ажиллагаагаа уялдуулах замаар улам өргөжүүлэх, иргэд, Засгийн газрууд, парламент хоорондын харилцааг бэхжүүлж Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг өргөтгөх, хоёр бүс нутгийн үйл ажиллагааг бүх түвшинд нэгтгэн уялдуулах, даяарчлагдаж буй энэ үед ядуурлыг бууруулах, тэгш бус байдлыг арилгах, төсвийн орлогыг тэгш хуваарилах, нийгмийн түвшний ялгааг аль болох багасгах нь чухал гэдэгт санал нэгдэв. Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, АСЕМ-ын гишүүн орнууд хоорондын хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг нэмэгдүүлж уялдуулах, Парламентууд хооронд эдгээр түвшний механизмуудыг ашиглан шилдэг арга туршлагаа хуваалцах, тулгамдаж буй асуудлуудаа хамтарч шийдвэрлэдэг байхаар тохиролцов.

Уг хуралдааны тайланг Норвегийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн хатагтай Рини Иохансен Нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

 “Ирээдүйн төлөөх түншлэл” сэдэвт салбар хуралдаанаар парламентчид үндсэн долоон  асуудлыг хөндөж нэгдсэн шийдэлд хүрсэн юм. Хуралдааны үеэр, АСЕМ байгуулагдаад 20 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд цаашид яриа хэлэлцээнээс илүү бодитой хамтын ажиллагаанд чиглэхийг олон оролцогч онцолж байв. Мөн АСЕМ-ийн Үндсэн гурван чиглэл болох улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаанаас эдийн засгийн хамтын ажиллагааг түлхүү онцолж ярьсан юм. Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд хатуу болон зөөлөн дэд бүтцээр хөгжүүлэх нь зүйтэй гэв. Тухайлбал хатуу дэд бүтэц буюу Ази, Европыг холбосон төмөр зам, автозамыг хөгжүүлж, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийг дэмжсэн бол зөөлөн дэд бүтцийн хувьд хүн, байгууллага хоорондын харилцаа, цаашлаад эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд шаардагдах олон дүрэм журам, хамтын ажиллагааны механизмыг бий болгох тухай ярилцсан юм. Улс орнуудад худалдаа хийхэд тулгарч буй зарим тарифын хориг саадыг арилгах, хамтарсан санхүүгийн үйл ажиллагаагаа нэгтгэх, ялангуяа олон улсын санхүүгийн байгууллагууд Азийн дэд бүтцийн хөгжлийн банк байгуулагдаж байгаагийн хувьд улс орнууд нөөц бололцоогоо дайчилж эдийн засгаа хөгжүүлэх нь чухал гэдгийг онцолж байлаа. Эдийн засгийн хамтын ажиллагааны явцад төр хувийн хэвшлийн түншлэл, жижиг дунд үйлдвэрүүдийн хөгжлийн асуудал зэрэгт төлөөлөгчид байр сууриа илэрхийлсэн юм.

Үүнээс гадна хуулийн засаглал, сайн засаглал, түүний дотор авлигатай тэмцэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хөнджээ. Мөн эмэгтэйчүүдийн оролцооны асуудлыг зарим орны төлөөлөгч онцгой ач холбогдол өгч ярьсан юм. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, охидын боловсрол эзэмших боломжийг нээх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох асуудлыг дэвшүүлж байв.

АСЕМ, түүний дэргэдэх АЕПТ цаашдаа хөгжихийн тулд байнгын ажиллагаатай тогтолцоог бий болгох шаардлагатай гэх саналыг Европын парламентын дэд Ерөнхийлөгч энэ хуралдаанд дэвшүүлсэн юм. Харин зарим орнуудын төлөөлөгчид АСЕМ-ын үйл явцыг албан бус чигээр хадгалах нь зүйтэй, байгууллагын хатуу тогтолцоо байгуулах шаардлагагүй гэсэн байр суурьтай байв.

Хоёрдугаар салбар хуралдааны дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Батчимэг Нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

АСЕМ-ын төв байгуулах Монгол Улсын санаачлагыг Тунхаглалд тусгав

Үдээс хойшхи хоёрдугаар Нэгдсэн хуралдаанаар дээрх салбар хуралдаануудаас гарсан дүгнэлтийг сонссоны дараа улс орнуудын парламентын төлөөллүүд үг хэлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Батхүү “Ази, Европ тивтэй түүхэн, газар зүйн уламжлалт холбоо харилцаа бүхий Монгол Улс нь АСЕМ-ын тодотгол болсон уялдаа холбоо буюу connectivity хэмээх ойлголтыг ѳргѳн утгаар хүлээн авч өндөр ач холбогдол өгдѳг. Уялдаа холбоо нь дан ганц дэд бүтэц, зам тээврийн асуудал биш бѳгѳѳд соёл боловсрол, шинжлэх ухаан, техник технологи, инноваци, худалдаа, бизнес, эдийн засаг, аялал жуулчлал, соёл урлагаар дамжуулан хоёр тивийн ард иргэд, байгууллага хоорондын харилцааг хѳгжүүлэх нэгэн боломж гэж бид үздэг. Энэ ч утгаараа Монгол Улс нь хоёр тивийн хоорондын биет болон биет бус харилцаа холбоог өргөжүүлэхэд зохих ёсны хувь нэмрээ оруулахыг эрмэлзэн ажиллаж байгааг онцлов. Энэ хүрээнд АСЕМ-ын санаачлага, үйл ажиллагаанд Ази, Европын хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид болон залуучуудын тѳлѳѳллийг ѳргѳнѳѳр оролцуулах, салбар хоорондын уялдааг хангах талаар Монгол Улсын гаргасан “АСЕМ-ын Тѳв”-ийн талаарх санаачлагыг түнш орнууд дэмжин ажиллана гэдэгт итгэж байна” гэв.

ОХУ-ын Төрийн Думын гишүүн А.Тарнавский “ОХУ нь газарзүйн байршил, түүх, соёлын хувьд ЕвроАзийн зүрхэнд оршдог орны хувьд Торгоны зам болоод бусад санаачилгуудыг идэвхтэй дэмжин оролцож ирсэн. Зүүн өмнөд Азийн бүсийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд чөлөөт худалдааны бүсийг Шанхайн хамтын ажиллагааны болон АСЕМ-ын гишүүн болон бусад орнуудын түвшинд байгуулах эрмэлзэлтэй байна. Цаашид Их ЕвроАзи гэсэн Мурманскаас Шанхай хүртэлх чөлөөт худалдааны бүсийн төлөө ажиллах болно” гэлээ.

БНХАУ-ын парламентын төлөөлөгчид харин Тунхаглалд туссан зарим асуудалд санал зөрүүтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд уг саналыг АЕПТ-ийн уулзалтаас гарах эмхэтгэлд тусгах боллоо.

Энэ мэтчилэн салбар хуралдаануудын тайлан болон Тунхаглалтай холбогдуулан Европын парламент, Швейцар, Финландын парламентын төлөөлөгчид саналаа хэлсэн бөгөөд үүний дараа Тунхаглалын төслийг хэлэлцэж баталлаа. Уг Тунхаглалд уулзалтын явцад улс орнуудын илэрхийлсэн байр суурь, дэвшүүлсэн санал санаачлагуудыг нийтийн зөвшилцлөөр тусгасан юм. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулах уг “АСЕМ-ын төв”-ийг Улаанбаатар хотноо байгуулах Монгол Улсын санаачлагыг холбогдох удирдлагууд нухацтай ярилцаж шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг тусгасан юм. АСЕМ-ын төв гэх хамтын ажиллагааны зохицуулах механизмыг Улаанбаатарт бий болгосноор Монгол Улс цаашдаа олон улсын харилцааны нэгэн төв байх, үүгээрээ дамжуулан олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, дипломат замаар аюулгүй байдлаа хангах бодлогыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Мөн хоёр бүс хоорондын түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн АСЕМ-ын үйл ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэн дэмжих, үйл ажиллагаанд парламентын оролцоог бэхжүүлэх, Ази-Европын улс түмний нийтлэг зорилт, эрх ашгийг амьдралд хэрэгжүүлэхэд парламентуудын үүргийг нэмэгдүүлэхээс гадна бүс нутгийн хүрээнд өрнөж буй олон  асуудлаар санал нэгдэн Тунхаглалд тусгасан юм.  

Ийнхүү Ази, Европын парламентчид олон асуудлаар нэгдмэл байр суурьт хүрч,  44 зүйл бүхий Тунхаглалаа батлан АЕПТ-ийн Есдүгээр уулзалт албан ёсоор өндөрлөв. Уг өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулснаар Монгол Улс ирэх долдугаар сард болох Ази, Европын түншлэлийн Дээд хэмжээний уулзалтын суурийг амжилттай тавилаа.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

   

Холбоотой мэдээ