ОУОХ Коби Брайант амиа алдсанд эмгэнэл илэрхийлжээ

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2020-01-27 10:56:10

ЛОЗАННЕ. /TASS/. Олимпын хошой аварга, Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны таван удаагийн аварга /NBA/ Коби Брайант амиа алдсанд Олон улсын олимпын хороо /ОУОХ/ эмгэнэл илэрхийлжээ.


Коби Брайантын хувийн нисдэг тэрэг ням гарагт Лос-Анжелес хотоос холгүй осолдсон бөгөөд нисдэг тэргэнд сууж явсан хүмүүс бүгд амиа алдсан байна. TMZ цахим хуудсанд мэдээлснээр, нисдэг тэргэнд Брайантын 13 настай охин сууж явжээ.


“Олимпын хошой аварга Коби Брайант онгоцны ослоор амиа алдлаа. Тайван амгалан нойрсдоо, Коби Брайант чи бидний сэтгэл зүрхэнд үүрд оршино” гэж мэдээлэлд дурдсан байна.


Коби Бин Брайант бол Үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэргэжлийн сагсанбөмбөгчин юм. Тэрбээр "Лос-Анжелес Лейкерс" багт хүчин зүтгэж байсан бөгөөд зөвхөн тус багт 20 улирал дараалан тогложээ. Бүх оддын тоглолтод 18 удаа оролцож, улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогч болж байв. Мөн плей-оффын шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хоёр удаа дараалан хүртсэн байна. Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө Леброн Жеймс түүний амжилтыг эвдэх хүртэл Брайант 33643 оноотойгоор NBA-гийн түүхэн дэх хамгийн амжилттай сагсанбөмбөгчдийн жагсаалтад гуравдугаарт бичигдэж байлаа.


Тэрбээр АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008, 2012 оны Олимпын наадамд түрүүлж, 2007 онд Америкийн аваргын цомыг хүртжээ.


Коби Брайант "Оскар"-ын шагнал хүртсэн анхны сагсанбөмбөгч болсон билээ. Тэрбээр зодог тайлахдаа бичиж байсан “Хүндэт сагсан бөмбөг танаа” /Dear Basketball/ шүлгээрээ найруулагч Глэн Кийнтэй хамтран анимейшн бүтээсэн бөгөөд 2018 онд энэхүү бүтээлээрээ шилдэг богино хэмжээний анимэйшн киноны төрөлд Академийн шагналыг хүртсэн юм.

Коби Брайант  41 настай байжээ.


Холбоотой мэдээ