ЭМЯ:Манай улсад шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-23 17:38:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас дэлхийн зарим улс оронд бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний талаарх цаг үeийн асуудлаар өнөөдөр мэдээллээ.

БНХАУ-ын эрүүл мэндийн хорооны албан ёсны мэдээллээр Ухань хотод анх гарсан шинэ төрлийн коронавирусний халдвараар 571 хүн өвчилж, 97 хүний биеийн байдал хүнд, 17 хүн нас барсан байна. Хятадын 30-аад мужид халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Цогтбаатар: ДЭМБ, ХӨСҮТ гэсэн мэргэжлийн байгууллагын үндэслэлтэй, албаны мэдээллийг цаашид өдөр бүр өгнө. Албаны мэдээлэлд тулгуурлахгүйгээр иргэд айж сандрах, түгших, буруу зөрүү мэдээлэл хуваалцах тохиолдол гарч байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сошиал мэдээ хэрэглэгчид мэдээллээ түгээхдээ анхаарах хэрэгтэй. Манай улсад шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Тиймээс ЭМЯ болон эрүүл мэндийн байгууллагууд нэгдүгээрт, эрсдэлийн үеийг тооцон, бүртгэгдсэн тохиолдолд яаралтай оношилж эмчлэх, эмнэлгийн тусламжийн чадавхын бэлэн байдлыг ханган ажиллах, хоёрдугаарт, урьдчилан сэргийлж таслан зогсоож Монголд оруулж ирэхгүй байх нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.

ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Т.Энхзаяа: Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч, эрсдэлийн үнэлгээг тухай бүрт нь хийж байна.  Улсын хэмжээнд томуу болон халдварын тандалт хийх зорилгоор ХӨСҮТ, Зоонозын шуурхай удирдлагын төвтэй хамтран ажиллаж байна. Мөн  ХХЕГ, ГХЯ, МХЕГ-тай хамтран ажиллаж иргэдэд сэрэмжлүүлэг өгч байгаа. Коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол  хүн бүр гараа савандаж угаах, амны хаалт тогтмол хэрэглэх нь чухал. Иймд өнөөдрөөс эхлэн олон нийтийн газарт хүн бүр амны хаалт зүүхийг уриалж байна.


Түүнчлэн мэдээллийн үеэр өнөөдөр Эрээн-Улаанбаатарын автобусаар  Замын-Үүд боомтоор Өвөрмонгол ээж, охин хоёр халуурч сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул тусгаарлаж, шинжилгээ авч, нутаг буцаахаар болсон талаар дуулгалаа. Автобусанд 17 хүн байгаа, тархвар судлалын асуумж авч байгаа аж. Шинжилгээний хариу маргааш гарах юм байна.

БНХАУ-тай хиллэдэг боомтууд болон Буянт-Ухаа дахь хилийн боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас өндөржүүлсэн хяналт тавьж, зорчигчдын биеийн халууныг хэмжин асуумж, тандалт хийн ажиллаж байгаа аж.

 

Холбоотой мэдээ