Хүүхдийн тасаг ачааллаа хэтрүүлэн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-23 15:55:27

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр сарын 23-ны байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт томуу, томуу төст өвчнөөр 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

“Өвчлөлийн тоо өмнөхөөсөө бага зэрэг буураад байгаа. “Хүүхдийн тасаг 30 ортой ч ачааллаа хэтрүүлсэн байдалтай үйл ажиллагаа явуулж байна” хэмээн Хүүхдийн тасгийн эрхлэгч, эмч Ц.Одончимэг өгүүлэв.

Томуу болон томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан аймгаас эмнэлгийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, дотрын тасаг болон хүүхдийн тасагт шаардлагатай багаж тоног төхөөрөмж олгосон байна.

Аймгийн ЭМГ-аас томуу болон томуу төст өвчнөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрахыг уриалж буй.

Мөн улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлийтэй явах, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх, хамрын салстад сонгино, саримсны тосон ханд, оксолины тос түрхэх, гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх зөвлөмж гаргажээ.

Холбоотой мэдээ