НҮБ: Саудын Арабын хунтайж “Amazon”-ы тэргүүнийг хакердсан
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /BBC/. “Amazon” компанийн тэргүүн Жефф Безосын гар утсыг хакердсан гэх хэрэгт холбогдсон Саудын
Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманыг нэн даруй мөрдөн шалгахыг
НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд уриалжээ.
НҮБ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр,
угсаа залгамжлагч хунтайжийн дугаараас илгээсэн зурвасаар
дамжуулан Ж.Безосын мэдээллийг хакердсан бөгөөд М.Салман өрсөлдөгчдөө чиглэсэн ийм төрлийн үйлдэл удаа дараа гаргаж байсныг мөн мөрдөн шалгах шаардлагатай ажээ. Харин АНУ дахь
Саудын Арабын Элчин сайдын яам уг мэдээллийг “утгагүй” түүх хэмээн няцаасан
байна.
Саудын Арабын
Засгийн газрыг хүчтэй шүүмжилдэг байсан сэтгүүлч Жамаль Хашогги амиа алдсанаас
хойш Саудын Арабын эрх баригчид болон “Washington Post” сонины газрын эзэн Ж.Безос нарын харилцаа
муудсан байна. “Washington Post” сонины сэтгүүлч Ж.Хашогги 2018 оны 10 дугаар сард Турк дэх Саудын Арабын
Консулын газарт амиа алдсан юм.
Дээр дурдсан
цахим халдлага Ж.Хашогги амиа алдахаас хэдэн сарын өмнө болжээ. "Ж.Безосын “WhatsApp” хаягт 2018 оны тавдугаар сард Саудын
Арабын угсаа залгамжлах хунтайжийн хувийн хаягаас зурвас ирсний дараа
хакердуулсан" гэж “The Guardian” сонинд мэдээлжээ.