Жүжигчин Б.Амарсайхан Дэлхийн зөнгийн "Хүүхэд хамгааллын элч" боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-22 16:10:30
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Марко Поло кинонд Ариг бөхийн дүрийг бүтээж Холливудад монгол жүжигчний ур чадварыг харуулсан жүжигчин Б.Амарсайхан Дэлхийн Зөн ОУБ-ын "Хүүхэд хамгааллын элч" болсноо албан ёсоор баталгаажуулж энэ сарын 20-нд Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд, тэрбээр гэргий С.Урангийн хамтаар тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа бяцхан хүүхдүүдийн дуу хоолой болж ДЗОУБ-ын хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн Монгол дахь нүүр царай болох юм.


ДЗОУБ-ын Суурин төлөөлөгч Филиф Ийвэрт: “Дэлхийн Зөн байгууллага Монгол хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө “IFI Production”-ны жүжигчин, продюсер Б.Амарсайхантай хамтарч ажиллахаар боллоо. Бид энэхүү хамтын ажиллагаагаа үндэсний хэмжээний өргөн цар хүрээтэй шинэ түншлэлийг бий болгох гайхалтай боломж хэмээн харж хүүхдүүдийн сайн сайхан байдлыг эрхэмлэдэг хүмүүстэй хамтарч байгаадаа баяртай байна” хэмээн онцлов.

  

Хүүхэд хамгааллын асуудалд өөрийн хувь нэмрийг оруулах чин хүсэлтэй жүжигчин Б.Амарсайхан Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран гэр бүл салалт хүүхдүүдэд хэрхэн нөлөөлдөг тухай эцэг, эхчүүдэд зориулсан шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа аж.


Холбоотой мэдээ