Газрын тос олборлолт 7.6 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2020-01-21 16:37:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-ны мэдээллээр газрын тосны салбарт 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.88 сая баррель газрын тос үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад газрын тос 487.42 мян. баррель буюу 7.6 хувиар өссөн байна.

Манай улсын боловсруулаагүй нефтийн экспорт 2019 оны гүйцэтгэлээр 6.545.2 мянган баррель буюу 366.7 сая ам.долларт хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 355.4 мянган баррелиар их, үнийн дүнгээр 25.3 сая ам.доллароор бага байна. Нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 63.3 ам.доллар байсан бол тайлангийн хугацаанд 56 ам.доллар болж буурчээ. 


Харин газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд нефтийн бүтээгдэхүүн нийт эрдэс баялгийн импортын 85 хувийг эзэлж байна. Манай улс 2019 онд гадаадаас 1.165.8 сая ам.долларын 1.844.5 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн авчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 268.5 мянган тонноор, үнийн дүнгээр 53.4 сая ам.доллароор өсжээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын:

87.9 хувийг автобензин, дизельтүлш, үүний 33.4 хувийг автобензин, 66.6 хувийг дизель түлшний импорт тус тус эзэлж байна. 


Холбоотой мэдээ