Мозамбикт олдсон онгоцны хэсэг MH-370 онгоцных мөн болохыг батлав

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-04-21 18:23:35

КАНБЕРРА. /Indian Express/.  Мозамбик улсын нутагт олдсон нисэх онгоцны их биеийн хэсэгт техникийн шалгалт хийж, сураггүй болсон Малайзын агаарын тээврийн "MH-370"  нислэгийн дугаартай онгоцных мөн болохыг тогтоолоо гэж Австралийн Тээврийн аюулгүй байдлын товчоо лхагва гарагт мэдээллээ.   

Уг сэгэн дээрх хэв бүхий түлхүүр үг болон дугаарууд Малайзын агаарын тээврийн компанийн ашигладаг үсгийн фонттой яг тохирч байгаа  бөгөөд энэ нь “Боинг” компанийн ашигладаг үсгийн фонтоос өөр байна гэж Австралийн Тээврийн сайд Даррен Честер ярьсныг “Xinhua” агентлаг иш татан уламжиллаа.

Сайд цааш нь хэлэхдээ “үүнээс үзвэл нисэх онгоцны хэвтээ тогтворжуулагч болон далавчны хоёр хэлтэрхий нь хоёулаа 2014 оны гуравдугаар сарын 8-нд сураггүй болсон "Боинг 777" нисэх онгоцных болохыг нотлон харуулж байна" гэлээ. 

Куала Лумпураас Бээжингийн чиглэлд нисч байсан уг онгоцыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх бөгөөд энэ ажиллагаа 20 мянган хавтгай дөрвөлжин км талбайг хамарна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ