Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-01-21 10:16:30

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Давосын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Иракийн Ерөнхийлөгч Бархам Салех, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан болон Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйентай уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.


Үүнээс гадна, Америкийн удирдагч Швейцарын Ерөнхийлөгч Симонетта Соммаруга, Иракийн Курдын өөртөө засах бүс нутгийн тэргүүн Нечирван Барзани нартай уулзана. Хэлэлцэх сэдвүүд болон уулзалтын талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


Жилийн өмнө Дональд Трамп АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон төсвийн хямралын улмаас чуулга уулзалтад оролцоогүй юм.


Давосын чуулга уулзалт нь дэлхийн бизнесийн болон улс төрийн элитүүдийн төлөөлөгчдийн жил тутам зохион байгуулдаг уулзалт юм. 1980 оноос уг чуулга уулзалт олон улсын оны гол үйл явдлуудын нэг болжээ. Давосын эдийн засгийн чуулга уулзалтын хэлэлцүүлгүүдэд эрдэмтэд, олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид, соёлын зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдагчид оролцдог байна.


Холбоотой мэдээ