Д.Алтантуяа: Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд сүү, таргийг тасралтгүй нийлүүлэх шаардлага байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-01-21 21:47:10

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Алтантуяатай уулзаж, цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээлийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.


-Цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээлийн норм хэмжээг тогтоосон ямар нэг баримт бичиг байдаг уу?

-Байлгүй яахав. Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Монгол хүүхдийн хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээг батлах тухай” 113 дугаар тушаал бий. Үүгээр цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хэрэгцээт илчлэг, хоногийн хоолны хэм хэмжээ, дэглэмийг баталсан байдаг. Хүүхдийн байгууллагад хүүхдийн хоолыг хүйсийн ялгавартайгаар бэлдэн үйлчлэх боломжгүйг харгалзан 1-3 настай хүүхдэд 1200 ккал, 4-6 настай хүүхдэд 1600 ккал илчлэгтэй хоол хүнс хоногт хэрэглэхээр тооцож, үүнээс тухайн насны бүлгийн хүүхдэд шаардлагатай хоногийн хэрэгцээт илчлэгээс 8 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэг 75-80 хувийг авахаар тооцон, хоолны цэсийг төлөвлөж, хүнсний бүтээгдэхүүнээр хангах ёстой.

-Тэгэхээр найман цагаар цэцэрлэгт явдаг хүүхдүүд энэ хугацаанд ямар хэмжээний илчлэгийг авах ёстой вэ?

-Хүүхдэд шаардлагатай хоногийн нийт илчлэгийг хуваарилан өгнө. Тухайлбал, өглөөний хоолноос 20 хувийг, бага үдийн цайнаас 10-15 хувийг, өдрийн хоолноос 30-35 хувь, их үдийн цайнаас 10 хувь, оройн хоолноос 20-25 хувийг авахаар хуваарилж өгөх ёстой. Найман цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгт явдаг хүүхэд хоногийн нийт илчлэгийн 70-75 хувиа цэцэрлэг дээрээ авч, 20-25 хувиа гэртээ оройн хоолоор авна гэж ойлгож болно.

Хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ:

1-3 насанд:

Хүнсний бүтээгдэхүүний бүлэг

1 хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ

1

Мах, махан бүтээгдэхүүн

110 гр

2

Сүү, сүүн бүтээгдэхүүн /сүү, тараг, аарц, ээдэм/

270 гр, мл

3

Үр тариан бүтээгдэхүүн /гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, төмс/

225 гр

4

Хүнсний ногоо

110 гр

5

Жимс, жимсгэнэ

100 гр

6

Тос

15 гр

7

Чихэр, чихэрлэгийн зүйл

15 гр

8

Давс

2 гр


4-6  насанд:

Хүнсний бүтээгдэхүүний бүлэг

1 хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ

1

Мах, махан бүтээгдэхүүн

145 гр

2

Сүү, сүүн бүтээгдэхүүн /сүү, тараг, аарц, ээдэм/

270 гр, мл

3

Үр тариан бүтээгдэхүүн /гурил, гурилан бүтээгдэхүүн, будаа, төмс/

370 гр

4

Хүнсний ногоо

145 гр

5

Жимс, жимсгэнэ

120 гр

6

Тос

15 гр

7

Чихэр, чихэрлэгийн зүйл

15 гр

8

Давс

2 гр


-Танай байгууллагаас цэцэрлэгийн хүүхдийн хоолонд зохих илчлэг, шим тэжээлийг агуулж байгаа эсэхэд хяналт, дүгнэлт хийж байсан уу?

-2018, 2019 онд Эрүүл мэндийн газраас цэцэрлэгийн хүүхдийн хоолонд үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмжийг цэцэрлэгийн удирдлагууд болон Боловсрол соёл урлагийн газрын даргад хүргүүлсэн. Энэ үнэлгээгээр ЭМС-ын 2014 оны 113 дугаар тушаалаар батлагдсан “Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хэрэгцээт илчлэг, хоолны хэмжээ, дэглэмийн зөвлөмж хэмжээг батлах тухай” тушаалын хэрэгжилт “хангалтгүй” гэж гарсан. Үүнд, цэцэрлэгийн хүүхэд цэцэрлэгийн хоолоор авах ёстой илчлэгийг бүрэн авч чадахгүй буюу 75-85 хувийг авч байна. Зарим цэцэрлэгт 75-аас ч доош хувьтай байсан.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, өдөр бүр хангалттай хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг сүү, цагаан идээ, хүнсний ногоо, жимс, жимсгэний хэрэглээ зөвлөмж хэмжээнээс хэт бага байгаа юм. Хүүхдийн өдөрт цэцэрлэгийн хоолоор авах ёстой сүү, цагаан идээний хэрэглээ дунджаар 20-50 хувь, хүнсний ногооны хэрэглээ 40-60 хувь, жимс, жимсгэний хэрэглээ 10-15 орчим хувьтай, хүнсний ногооны нэр төрөл цөөн, жимс, жимсгэнийг зонхилон маш бага орцтойгоор шүүс хэлбэртэйгээр өгч байна. Мөн үйлдвэрийн печень, гурилан боов зонхилон хэрэглэдэг. Печенийг сургуулийн үдийн цай, хоолонд зөвлөдөггүй. Яагаад гэхээр эдгээр хүнс нь чихрийн агууламж ихтэй, транс тос агуулсан байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үздэг учраас.

-Цаашид цагаан идээний хэрэглээг хэрхэн өсгөх вэ?  

-Хүүхдийн дундах шүд цоорох өвчний тархалт 95-аас дээш хувьтай байгаа. Цаашид шүд цоорох өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолонд өдөр тутам хэрэглэх амны хөндийн эрүүл мэндийг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүн болох сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг зөвлөмж хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх, чихрийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг эрс багасгах, мөн хүүхдийн өсөлт бойжилтын хэвийн үйл ажиллагааг хангаж, суурь өвчлөлөөс сэргийлэх, дархлааг дэмжихэд хүүхдийн хоолонд аминдэм, эрдэс бодисоор баялаг хүнсний бүтээгдэхүүнийг сонгох шаардлагатай байна.

Эрдэнэбулган сумын цэцэрлэгийн эрхлэгч нартай хийсэн уулзалтын үеэр тендерийн сонгон шалгаруулалтаар ханган нийлүүлж байгаа бэлэн гурилан бүтээгдэхүүн дэх чихрийн хэмжээ их байх, транс тос агуулсан байх зэрэг хүүхдийн эрүүл мэндийг дэмжихгүй гурилан бүтээгдэхүүнээр хангадаг талаар хэлж байсан. Мөн тендерийн сонгон шалгаруулалтаар үнээний цэвэр сүү, таргаар өдөр бүр бүрэн хангах боломж байхгүй байгаа талаар асуудал тавьж байсан.

Иймд цэцэрлэгийн хүүхдийн хоолонд орон нутгийн үйлдвэрийн нийлүүлж буй гурилан бүтээгдэхүүний агууламжид тавих хяналтыг сайжруулж, хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн бүтээгдэхүүнээр хангах, мөн цэцэрлэгүүд өөрсдийн гал тогоонд эрүүл мэндийн шаардлага хангасан гурилан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, хүүхдийн хоолонд өгөх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Мөн 2020 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны төсөв өмнөх оноос 50 хувиар нэмэгдсэнтэй холбогдуулан цэцэрлэгийн хүүхдийн хоолонд маш хангалтгүй хэрэглэж байгаа цэвэр сүү, таргаар цэцэрлэгийг шаардлагатай хэмжээгээр, өдөр бүр, тасралтгүй хангах боломжийг орон нутагтаа бүрдүүлэх чиглэлээр аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас анхааран ажиллах хэрэгцээ, шаардлага байна.

-Энэ онд ЭМГ-аас хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-2020 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолыг зөвлөмж хэмжээнд нийцүүлж сайжруулах зорилгоор ЭМГ-аас тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал,

1.Сумдын Засаг дарга нарын гэрээнд сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолонд шаардлагатай сүү, таргаар орон нутагтаа хангах нөхцөлийг бүрдүүлэх заалтыг оруулах саналыг ЭМГ-аас аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн.

2.Бүх сургуулийн захирал нарын аймгийн Засаг даргатай байгуулах гэрээнд үдийн цайнд 7 хоногийн 2-оос доошгүй өдөрт цэвэр сүү, тараг өгөх заалтыг, цэцэрлэгийн эрхлэгч нарын гэрээнд цэцэрлэгийн хүүхдийн хоолонд өдөр бүр зөвлөмж хэмжээгээр цэвэр сүү, тараг өгөх заалтыг тусгасан.

3.Аймгийн Засаг даргад сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолонд маш хангалтгүй хэрэглэж байгаа үнээний цэвэр сүү, таргаар сургууль, цэцэрлэгийг шаардлагатай хэмжээгээр, өдөр бүр, тасралтгүй хангах боломжийг орон нутагтаа бүрдүүлэх чиглэлээр санал хүргүүлсэн.

Мөн бүх цэцэрлэгийн хоолонд үнэлгээ хийж, зөвлөмж өгөх, тогооч, няравуудад сургалт хийх, “Хүүхдийн эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг” болзолт уралдааныг нийт цэцэрлэгийн дунд зарлах гэсэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. 

Манай аймагт нэг төрийн бус байгууллага сургууль, цэцэрлэгийн хүүхдэд хийсэн шинжилгээгээр 40 орчим хувь нь ясны сийрэгжилттэй, 40 гаруй хувь нь ясны эд цөөрсөн гэсэн судалгааны дүн гарсан гэж байсан. Энэ нь нэг талаас хоол хүнсээр авч байгаа кальцийн хэмжээ бага байгааг илтгэх үзүүлэлт. Цэцэрлэгийн насны хүүхэд өдөрт 1 аяга /250 мл/ цэвэр сүү, тараг, эсвэл 30 гр аарц хэрэглэхэд хоногт шаардлагатай кальцийн хэмжээг нөхөх боломжтой гэж үздэг.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ