Гар аргаар алт олборлогчдыг албадан буулгаж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-01-20 13:49:10

Увс /МОНЦАМЭ/. Тариалан сумын Бор хавцал хэмээх газар руу энэ сарын 10-нд 300-гаад нинжа нэгэн зэрэг дайрч, гар аргаар алт олборлож эхэлсэн байна. Энэ дагуу Тариалан сумын ЗДТГ-аас ажлын хэсэг гарч тэднийг албадан буулгах гэж оролдсон боловч хүч хүрээгүй байна.

Уг нь өнгөрсөн 9-р сард 1500 гаруй нинжа тухайн газарт гар аргаар алт олборлож байсныг аймгаас нэгдсэн хүч гарч албадан буулгажээ. Тариалан сумын ЗДТГ-аас Бор хавцал гэх энэ газрыг 2017 оны 1-р сард орон нутгийн тусгай хамгаалалтад авсан боловч нинжа нар эндээс гар аргаар алт олборлосоор л байгаа аж.

“Энэ сарын 10-нд Бор хавцал руу гар аргаар алт олборлогч нар нэгэн зэрэг дайрах гэж байна гэсэн мэдээллийг бид аваад сумын байгаль орчны байцаагч, цагдаа гэх мэт хүмүүстэй хамт зам тосоод хүлээсэн. Гэтэл бидний хүч хэрэхээргүй олон хүн унаа машинтайгаа ирцгээсэн. Маргааш нь долоон хүний бүрэлдэхүүнтэй хэсэг хүмүүс манай сумын удирдлагуудтай ирж уулзаад, цагаан сар хүртэл биднийг ажиллуулж өгөөч, тодорхой хэмжээний хураамж төлнө гэдэг санал тавьсан. Манай сумынхны хувьд нинжа нарыг Бор хавцалд ажиллуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Анх 300-гаад нинжа Бор хавцалд очсон бол долоо хоногийн дотор 500 гаруй болж нэмэгдсэн. Одоо бараг Монголын өнцөг булан бүрээс нинжа нар наашаа гарчихсан байх. 2018, 2019 он дамнаад 1500 орчим хүн Бор хавцалд гар аргаар алт олборлосон. Энэ хугацаанд 4-5 хүний амь нас эрсэдсэн тул өнгөрсөн 9-р сард цагдаагийн хүчээр албадан буулгасан. Бор хавцалд гар аргаар алт олборлож байгаа хүмүүсийг албадан буулгаж өгөх тухай бичгийг аймгийн Засаг даргад манай сумаас хүргүүлээд байна. Уг нь аймгаас шуурхай арга хэмжээг тэр дор нь авсан бол нинжа нарыг зогсоох боломж байсан. Одоо энэ хэвээр үргэлжилбэл Цагаан сар хүртэл нинжа нарын тоо хэд дахин өсөх байх” хэмээн Тариалан сумын Хөхөө багийн Засаг дарга Ц.Батзул хэллээ.

Тариалан сумаас хоёр бригадын 40-өөд хүн Бор хавцалд гар аргаар алт олборлож байгаа аж.

 

Холбоотой мэдээ