Иргэд төрийн үйлчилгээг нэг дороос,тохилог орчинд авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-01-17 14:40:44

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хуучин худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан объектыг Орон нутгийн хөгжлийн сангийн 170 сая төгрөгийн хөрөнгөөр засварлаж тохижуулан, Баруун-Урт сумын төрийн үйлчилгээний нэгдсэн төв болгожээ. Ингэснээр иргэд төрийн анхан шатны үйлчилгээг нэг дороос, тохилог орчинд авч эхэлсэн байна.

Тус төвд Баруун-Урт сумын есөн багийн ажлын алба, Цагдаагийн газрын хэсгийн байцаагчид, мөн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, улсын бүртгэлийн хэлтэс зэрэг төрйин байгууллагын төлөөллүүд байрлаж, төрийн үйлчилгээг ард иргэдэд хурдан шуурхай үзүүлж байна.


Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, тохилог таатай орчинд хүргэх ажлын хүрээнд Баруун-Урт сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталж энэхүү ажлыг хэрэгжүүлсэн. Цаашид энэхүү төв маань аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төв болохоор аймгийн удирдлагуудтай уулзаж, ярилцаж тохирсон зүйлүүд байгаа. Ингэснээр одоо байгаа бүтэц дээр төрийн бүх байгууллагын төлөөллүүд нэмэгдэж байрлана. Үүний үр дүнд иргэд жинхэнэ утгаараа төрийн бүх үйлчилгээг энэхүү нэгдсэн төвөөс авах боломжтой болох юм. Ер нь манай зүгээс ирж буй иргэдийн тав тухыг хангах тал дээр багагүй анхаарсан. Иргэн бүх үйлчилгээгээ зориулалтын суудалд сууж авснаар ажилтантай нэг түвшинд харьцах боломжтой болсон. Үүнд манай иргэд ч их сэтгэл хангалуун байгаа. Ер нь энэ төвийн тохижилтыг жендерийн мэдрэмжтэй тохижилт болсон гэж дүгнэж байгаа хэмээн Баруун-Урт сумын төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Сарангэрэл хэллээ.

Харин үйлчлүүлж буй иргэдийн сэтгэгдлийг сонсоход бүгд тохилог дулаахнаас гадна зогсож биш сууж байгаад үйлчлүүлэх нь ая тухтай байгааг хэлж байлаа. 


Холбоотой мэдээ