"Бууны сумыг буцааж болдоггүй" киноны нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-15 18:35:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын баатарлаг гавьяаг өгүүлсэн "Бууны сумыг буцааж болдоггүй" уран сайхны киног өнөөдөр Булган аймагт нээлээ.


Киноны нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, Гавьяат жүжигчин Н.Батцэцэг нар оролцлоо.


"Бууны сумыг буцааж болдоггүй" кино зохиолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Солонго продюсерээр ажилласан бол СТА П.Дэлгэрбаяр найруулжээ. Баатар Л.Дандарын дүрийг залуу жүжигчин Ж.Алтаншагай бүтээсэн байна. Киноны нээлтийн үеэр "Бууны сумыг буцааж болдоггүй" киноны зохиолч, найруулагч, продюсер, гол дүрийн жүжигчин нарт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа.


"Алаг морьт" хэмээн алдаршсан Лодонгийн Дандар 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төржээ. Тэрээр 19 насандаа эх орон, газар нутгаа хамгаалахаар Ардын цэрэгт татагдсан байна. Л.Дандар Тамсагийн 6 дугаар дивизийн 17 дугаар морьт хороог удирдаж байсан бөгөөд 1939 оны Халх голын байлдааны үеэр хошууч Ч.Шаарийбуугийн командалсан 6 дугаар морьт дивиз тулалдаанд орж гарамгай гавьяа байгуулсан түүхтэй.

Холбоотой мэдээ