Сайншандын орчмоор зээрийн сүрэг нүүдэллэн иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-14 13:13:06

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутаг Сайншандын орчмоор зээрийн сүрэг нүүдэллэн иржээ. Зүүн бүсийн Хэнтий Дорнод, Сүхбаатар аймагт цас их орсон учир цасгүй хуурай газар бэлчээр хайж зээрийн сүрэг нүүдэллэн ирсэн тухай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Н.Энхзориг өгүүлэв.

Цагаан зээрийн анхны тооллого Монголд 1970-аад онд болж таван сая байсан бол 2010 оны тооллогоор гурван сая болж багассан байна. Хууль бус агналт, цэрэг армийн хүнсэнд их хэмжээгээр хэрэглэснээс болж зээрийн сүрэг багассан аж.

Зээр нь голдуу 20-30-аараа сүрэглэдэг бөгөөд зарим үед 5000 хүртэл толгойтойгоор сүрэглэх тохиолдол бий гэж албаны хүн өгүүлэв.

Цагаан зээрийн эрэгчинг ооно, эмэгчинг шаргачин, төлийг янзага, эрэгчин шүдлэнг цэнхэр ооно, охин шүдлэнг зусаг шаргачин гэнэ.

Голдуу хул шар зүстэй, богино сүүлтэй, тангийнхаа захаар шар хүрээтэй, шаргачин нь эвэргүй, ооно нь арагшаа тахийж үзүүр нь дотогш эргэж ойртсон шорон хоёр эвэртэйгээрээ хар сүүлт зэргээс ялгаатай. Зээрийн сүрэг зун  намрын цагаар тарга тэвээрэг авч өвөл нэгдүгээр сарын сүүлчээр “гууртах” буюу турж эхэлдэг байна.

Холбоотой мэдээ