“Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажил 89.2 хувьтай хэрэгжжээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-01-14 20:17:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг өнгөрсөн оныг “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлаж, Засаг даргын  2019 оны 01 тоот захирамжаар бүтээн байгуулалтын хүрээнд 44, иргэн төвтэй төрийн үйлчилгээний хүрээнд 36, нийт 80 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлжээ.

Тодруулбал, бүтээн байгуулалтын  ажлууд 88 хувийн хэрэгжилттэй байгаа бөгөөд 100 хувийн хэрэгжилттэй 33, 70 болон 30 хувийн хэрэгжилттэй ажлууд тус бүр дөрөв, огт хэрэгжээгүй нэг ажил байна хэмээн Дундговь аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс мэдээллээ.

Харин Иргэн төвтэй төрийн үйлчилгээний хүрээний ажлууд 90.5 хувьтай хэрэгжжээ. Үүнээс 26 нь 100 хувь, 9 ажил нь 70 хувь, 30 хувийн хэрэгжилттэй нэг үйл ажиллагаа байгаа ажээ.

Тус аймгийн ЗДТГ-аас “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-д хэрэгжүүлсэн оны онцлох үйл явдлаар 3000 уртын дууч морин хуурчдын тоглолт болон уламжлалт зан үйл, ёс заншлын үзүүлбэр бүхий “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам, ОБЕГ-тай хамтран зохион байгуулсан “Команд штабын сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хот болон аймгийн бизнес эрхлэгчдийн хамтарсан зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа, байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн зохион байгуулсан  “Их говийн тэмээ”, “Малчны баяр”, “Адуучин, айргийн баяр” бүхий “Хотод ойрхон говь" эвент, Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан суманд зохион байгуулсан “Иргэдээ сонсъё” төрийн үйлчилгээний нэгдсэн өдөрлөг зэрэг есөн үйл ажиллагааг нэрлэсэн.

Мөн  Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001-2015 стандартыг нэвтрүүлж,  11 сумыг Улсын бүртгэлийн цахим системд холбосон үйл ажиллагааг онцолсон байна.

Харин бүтээн байгуулалтын хүрээнд 2019 онд 25,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 1 засвар, 2 тохижилт, 25 бүтээн байгуулалтын ажлыг хийсэн нь сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн их хөрөнгө оруулалт болжээ.

2019 оныг ийнхүү “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласан бол 2020 оныг “Иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах жил” болгон зарлаж байна. 

Холбоотой мэдээ