Хүн ам, орон сууцны ээлжит тооллогод түүврийн аргаар 2505 өрхийг хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-10 00:01:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд 2020 оны ээлжит хүн ам, орон сууцны тооллого өнөөдөр өглөөний 8 цагаас улс даяар эхэллээ.

Тус тооллого нь уламжлалт болон хосолсон аргаар явагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд Баян-Өлгий аймгийн нийт өрхийн 10 хувь болох 2505 өрхийг түүврийн санамсаргүй аргаар сонгож авсан байна. Уг түүврийн дагуу аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабыл, Статистикийн хэлтсийн дарга Н.Ерлан, тоологч Х.Кадирбек нар Өлгий сумын тавдугаар багт оршин суудаг өндөр настан  Ж.Ризабекийн өрхөөр орж тооллогын үйл ажиллагааг албан ёсоор эхлэв.

Хүн ам, орон сууцны тооллогыг аймгийн Статистикийн хэлтэс арга зүй, удирдлагаар хангаж, аймгийн хэмжээнд 103 тоологч, 29 шалгагч явуулна. Харин түүвэр судалгаанд хамрагдаагүй өрхүүдийн мэдээллийг Хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн сангаас авах аж.

Тус тооллого нь сүүлийн 10 жилийн хугацаанд аймгийн нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтүүдийг тодорхойлдгоороо ач холбогдолтой. Мөн цуглуулсан мэдээллийг төр засгийн  бодлогыг төлөвлөх, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудын эхний шатны үнэлгээг хийх зэрэг 45 төрлийн тайлан, мэдээлэл гаргахад ашиглах ажээ.

Тийм учраас тооллогын асуултад үнэн зөв, бүрэн хариулт өгөх, тооллогын ажилтныг байр, орон сууцанд нэвтрүүлэх замаар ээлжит хүн ам, орон сууцны тооллогод идэвхтэй хамрагдахыг аймгийн Статистикийн хэлтсээс уриалж байна.  

Холбоотой мэдээ