ЦЕГ-аас хэрэгжүүлсэн цуврал аяны үр дүнд гэмт хэрэг 11 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-09 12:31:57
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор ЦЕГ-аас “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Дураараа биш ээ, дүрмээрээ”, “ОйлГОЁ-ХҮНдэлье” аян, нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Үүний үр дүнд гэмт хэрэг 11.4 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна.


Тодруулбал “Яараад яахав дээ” аяны хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 50.8, гэмтсэн хүн 49.7, нас барсан хүн 11.7 хувиар тус тус буурч, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, гэмтсэн хүн 59.5, нас барсан хүн 21.7 хувиар буурсан байна. 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 30011 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3869 хэргээр буюу 11.4 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлтүүд гарчээ.


“Нэг хором” аян Эстони Улсын Таллин хотод зохион байгуулсан JCI байгууллагын 2019 оны дэлхийн чуулганд 200 гаруй орны шилдгийн шилдэг төсөл хөтөлбөрүүдээс шилдэг гуравт, “Яараад яахав дээ” аян “Unread Awards 2019” шалгаруулалтын “Шилдэг санаачилга” номинацид шалгарсан юм.

Холбоотой мэдээ