Венесуэлийн газрын тосны экспорт 32 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-08 12:04:46

ЛОНДОН. /Reuters/. Венесуэлийн газрын тосны экспортын хэмжээ өнгөрсөн онд 32 хувиар буурсан хэмээн Венесуэлийн төрийн өмчит газрын тосны “PDVSA” компани тайланд дурджээ.


Reuters” агентлагийн мэдээлснээр, 75 жилийн хугацаанд хамгийн доод түвшинг харуулсан энэхүү үзүүлэлт нь АНУ-ын зүгээс авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээтэй холбоотойгоос гадна боловсон хүчний асуудал, хөрөнгө оруулалтын алдагдлаас үүдэлтэй аж. Гол худалдан авагчид Венесуэлийн газрын тосыг зуучаар дамжуулан худалдан аваагүй бол “PDVSA” компанийн экспортын үр дүн  бүр дор үзүүлэлтийг харуулах байсныг агентлаг цохон тэмдэглэжээ.  


Гол худалдан авагчдын дунд ОХУ-ын “Роснефть” компани нийт экспортын 33.5 хувийг эзэлж байсан бол, Хятадын “CNPC” компани 11 хувь, Куба улсын “Cubametales” 7 хувийг эзэлжээ.


АНУ Венесуэлийн “PDVSA” компанийн эсрэг өнгөрсөн 1 дүгээр сарын 28-нд хориг арга хэмжээ авсан юм. Үүний дараа буюу 4 дүгээр сард АНУ-ын эрх баригчид газрын тосны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг Венесуэлийн хоёр компанийг хориг арга хэмжээний жагсаалтанд оруулсан юм. 

Холбоотой мэдээ