Шинээр 6000 газар зүйн нэр тодруулах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-07 11:50:40

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь “Газар зүйн нэрийн салбар зөвлөл” хуралдав.

Газар зүйн нэртэй холбоотой стандартыг баримтлах, газар нутгаа монгол уламжлалт нэрээр тодорхойлох, хойч үедээ үнэн зөв газар зүйн нэрийг өвлүүлэн үлдээх, үүнд салбар бүрийн оролцоо, хамтын ажиллагааг хангах зорилтын хүрээнд  “Газар зүйн нэрийн үндэсний зөвлөл”-ийн салбар зөвлөлийг аймаг бүрт байгуулан ажиллаж буй.

Ховд аймгийн тухайд Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/697 тоот захирамжаар 19 хүний бүрэлдэхүүнтэй “Газар зүйн нэрийн салбар зөвлөл” байгуулсан билээ.

Тус салбар зөвлөл 2020 он гарснаар анхны хурлаа зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.

Ховд аймаг нь 17 сум бүхий  76.1 мянган кв.км  нутаг дэвсгэртэй.

Аймгийн хэмжээнд УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор баталсан нийт 12 мянган газар зүйн нэр бий.

Эдгээр нэрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хуваан үзэхэд 10 км тутамд 1-2 нэр оногддог гэж мэргэжилтнүүд үзжээ.

Тиймээс 2020 онд шинээр 6000 газар зүйн нэрийг тодруулж, батлуулах шаардлагатай байна гэж албаныхан хэллээ.

Дээрх ажлыг хэрэгжүүлэхэд санхүүгийн бэрхшээл тулгарч байгаа бөгөөд нийт зардалд 240 орчим сая төгрөг шаардлагатай аж. Тус салбар зөвлөлөөс энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэв.

Холбоотой мэдээ