Бага насны хүүхдүүд томуугаар өвчлөөд хүндрэх тохиолдол их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-01-06 20:32:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл нэмэгдсээр байна. Томуу, томуу төст өвчний улмаас хэвтэж буй хүүхдүүд хүндэрч сэхээнд орох тохиолдол нэмэгдсээр байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар маш хүнд байдалтай 3 хүүхэд сэхээнд байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын хүүхдийн тусламж хариуцсан мэргэжилтэн Ш. Алтантуяа хэлж байна.

Томуугийн өвчлөл  В хүрээний вирүсээр үүсч буй учраас суулгалт, амьсгалын замын өвчлөл хоёр хавсарсны улмаас хүндэрч байгаа бөгөөд суурь өвчтэй хүүхдүүд буюу дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл их байна. Цаашид хүйтний эрч нэмэгдэж ханиад томуу их байгаа учраас олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байх ялангуяа 0-5 насны хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлах хэрэгтэйг анхааруулж байв. Мөн халуун аарц, чацарганы шүүс, саримстай хар шөл зэргийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байлаа.

Холбоотой мэдээ