Францад төмөр замчид ажил хаясны улмаас 1.5 сая тасалбар хүчингүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-03 10:35:51

ПАРИС. /TASS/. Сар орчим үргэлжилж буй Францын төмөр замын ажилчдын ажил хаялтын улмаас 1.5 сая тасалбарыг цуцлахаас аргагүйд хүрчээ. Энэ тухай тус улсын Үндэсний төмөр замын нийгэмлэг (SNCF) 12 дугаар сарын 31-ний байдлаарх мэдээллээс иш татан мэдэгдсэн байна.


Ажил хаялт эхэлснээс хойш өдөрт дунджаар 55 мянган тасалбар зарагджээ. Одоогийн байдлаар, тасалбар худалдаж авсан хүмүүсээс 1.4 сая орчим нь мөнгөн нөхөн төлбөр авсан байна. Түүнчлэн 48 цагийн дотор худалдан авагчдын банкны дансанд төлбөрийг буцааж өгчээ. Төлбөрийн бусад аргыг ч мөн ашигласан байна.


Ажил хаялтын өдрүүдэд Францын хамгийн том хотуудын хооронд явдаг өндөр хурдны TGV экспресс галт тэрэгний рейсийн тоо нэг бус удаа 80 хувиар буурчээ. Дунд хэмжээний хотуудыг холбосон экспресс галт тэрэгний байдал бүр дордсон бөгөөд одоо ч хэвээрээ байгаа аж. Парис болон Иль-де-Франс нийслэл хотын бүсэд олон хоногийн туршид цахилгаан галт тэрэгний гуравны нэг хүрэхгүй хувь нь шугаманд гарсан байна.


Францад энэхүү өргөн цар хүрээтэй ажил хаялт 12 дугаар сарын 5-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын санаачилгаар эхэлсэн билээ. Эсэргүүцлийн ажиллагаанд тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг эсэргүүцэж буй тээврийн салбарын ажилчид, эмч, багш, хуульч, гал сөнөөгчид болон бусад олон мэргэжлийн төлөөлөл оролцож байгаа юм.

Холбоотой мэдээ