Дарви сумын 2-5 насны хүүхдийг СӨБ-д тэгш хамруулах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-02 13:51:17

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дарви суманд 2019 онд нийт 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 гаруй төрлийн бүтээн байгуулалтын ажил хийжээ. Эдгээр томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг болох “Дэгдээхэй” цэцэрлэгийн өргөтгөлийн барилга шинэ оны босгон дээр ашиглалтад орлоо. 

Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү болон бусад албаны төлөөлөл, сумын удирдлагууд, иргэд оролцов.

Дарви сумын “Дэгдээхэй” цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Буянтын боргио” ХХК-ийн хамт олон дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ.

Энэхүү цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор цэцэрлэгийн үйл ажиллагаа өргөжихийн зэрэгцээ хамран сургах тойргийн хамрагдалт нэмэгдэх давуу тал бүрджээ. Өөрөөр хэлбэл, тус цэцэрлэгийн хамт олон дөрвөн бүлэгт 100 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан бол өдгөө 7 бүлэгт 200 гаруй хүүхэд хүлээн авах боломжтой боллоо.

Ингэснээр Дарви сумын 2-5 насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулах боломжтой болсон гэж цэцэрлэгийн эрхлэгч онцоллоо.

Энэ үеэр хүүхэд багачуудыг хөгжүүлэх эрхэм үйлсэд бодит хувь нэмэр оруулан ажиллаж буй Дарви сумын “Дэгдээхэй” цэцэрлэгийн хамт олонд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал гардуулж, ажлын өндөр амжилт хүсэв.

Холбоотой мэдээ