“Оны онцлох хүүхэд”-д Өвөрхангай аймгаас хоёр хүүхэд шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-02 13:35:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шалгаруулсан “Оны онцлох хүүхэд”-д Өвөрхангай аймгаас хоёр хүүхэд багтжээ.

Гучин-Ус сумын иргэн Энхтүвшингийн Сувд-Эрдэнэ, Арвайхээр сумын "Мэргэд" сургуулийн 12а ангийн сурагч Баяндаваагийн Оюунтунгалаг нар “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан юм. Э.Сувд-Эрдэний тоглосон “Би нар” уран сайхны кино нь Германы “Шлингел” олон улсын кино наадмын “Хүүхдийн кино”-ны уралдаант хэсэгт шалгарч, "Улаанбаатар" Олон улсын наадмын шилдэг киноны шагнал хүртсэн юм.

"Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин" номинацид шалгарсан Б.Оюунтунгалаг нь "How to do celebrate your favourite part” төслийг санаачлан зохион байгуулж, Өвөрхангай аймгийн сурагчдын зурсан бүтээлүүдийг хуанли болгон хэвлүүлж түгээсэн байна. Мөн Дэлхийн цэвэрлэгээний өдрийг тохиолдуулан Дэлгэрэх голын дагуух ойр орчмын хогийг цэвэрлэж, "Дэлхийн дулааралд байгаль орчны асуудал, гарц шийдэл” өртөөчилсөн сургалт зохион байгуулж, үүнд 1000 гаруй хүүхдийг хамруулжээ. Bookbridge Олон улсын байгууллагаас зохион байгуулсан "NO plastic NO problem" төсөлд багаараа 1-р байр эзэлсэн, Олон улсын "Кенгару" математикийн олимпиадын 3-р зэрэгтэй, "Ногоон паспорт" аяны тэргүүн байрын шагналтан зэрэг олон амжилтын эзэн юм.

“Оны онцлох хүүхэд” шалгаруулалтад 119 хүүхэд нэр дэвшин өрсөлдсөн байна.

 

Холбоотой мэдээ