Импичмент буюу АН-ын хийсэн эрсдэлтэй алхам

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-12-26 13:33:21

Дональд Трамп өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудалд /импичмент/ холбогдсон АНУ-ын түүхэн дэх гурав дахь Ерөнхийлөгч болж, гэм буруутай эсэхээ хууль тогтоогчдоор хэлэлцүүлэн шийдүүлэх гэж байна.  


Өөрийн улс төрийн ашиг сонирхлын үүднээс Украины засгийн газарт дарамт үзүүлснээс гадна Конгрессын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэх хоёр үндэслэлээр Д.Трампыг буруутгаж байгаа юм. 


Импичмент зарлах эсэх тухай асуудлаарх санал хураалтын үеэр Ардчилсан намынхан бараг бүгдээрээ дэмжсэн санал өгсөн бол бүгд найрамдахчууд бүгд эсэргүүцлээ. Одоо Ерөнхийлөгчийн импичментийн асуудлыг Сенат хэлэлцэх бөгөөд онолын хувьд тус танхим сонгууль болохоос хэдхэн сарын өмнө Трампыг огцруулж чадна. Гэхдээ ийм магадлал маш бага бөгөөд учир нь Сенатын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчид үнэнч бүгд найрамдахчууд юм.


Трамп яагаад огцрохгүй вэ?


Тодорхой хэлбэл, Ерөнхийлөгчийг огцруулахын төлөө Сенатын 100 гишүүний 67 нь санал өгсөн тохиолдолд Трамп огцорно. Одоогоор 100 сенатчийн 53 нь БНН-аас сонгогдсон хүмүүс байгаа бөгөөд Трампыг огцруулахын тулд Ардчилсан намынханд БНН-ын 20, АН-ын 45 сенатч, хоёр бие даасан гишүүний дэмжлэг хэрэгтэй болно гэсэн үг.


Гэхдээ яг одоо үйл явц ийм байдлаар өрнөх магадлал бага байгааг Виржиниа муж улсын Ричмондын их сургуулийн профессор Карл Тобайас хэлж байна.


Сенатын гишүүд шүүгч нар шиг алагчилдаггүй шударга байх ёстой боловч Сенат дахь бүгд найрамдахчуудын бүлгийн дарга Митч Макконнел хэлэхдээ “импичмент бол улс төрийн атгаг санаа агуулсан үйл явц учраас би хэлэлцүүлгийн үеэр төвийг сахисан байр суурь баримталж чадахгүй” гэж мэдэгджээ.


“Би бол шүүгч хүн биш. Импичмент бол улс төрийн үйл явц. Шүүх ажиллагаатай төстэй зүйл энд огт байхгүй. Төлөөлөгчдийн танхим намын явцуу эрх ашгийн үүднээс импичментийг дэмжсэн. Миний бодлоор, Сенат ч гэсэн мөн адил намын явцуу эрх ашгийн үүднээс шийдвэрээ гаргах болов уу” гэж БНН-ын бүлгийн дарга нэмж хэллээ. 


Намуудын туйлшрал газар авч буйд санаа зовниж байгаагаа профессор Тобайас илэрхийлсэн байна.


“Сенат дахь БНН-ын зарим гишүүд ярихдаа, нотлох баримтыг хараагүй, гэрчүүдийн мэдүүлгийг сонсоогүй, тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцоогүй ч гэсэн саналаа өгнө гэж байсан. Хэрвээ тэд өөрсдийгөө шүүгч гэж төсөөлж байгаа юм бол шүүхийн шийдвэр яаж гарахыг урьдчилаад мэдэж байгаа нь хачирхалтай “ гэж тэрбээр хэллээ.  


Эрсдэлтэй алхам


АНУ-ын түүхэнд импичментийн асуудалд холбогдсон хоёр ерөнхийлөгч байдаг нь Эндрю Жонсон /1868 он/, Билл Клинтон /1998 он/ нар бөгөөд Сенат тэднийг гэм буруугүй гэж үзсэн билээ.


Харин одоо Ардчилсан намынхны хувьд, сонгуулийн жил ирж байгаа үед одоогийн ерөнхийлөгчийн эсрэг импичмент явуулж байгаа нь ихээхэн эрсдэлтэй алхам юм. 


Импичмент нь Трампын сонгуулийн кампанит ажилд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой, гэхдээ уг үйл явц нь Трампын нэр хүнд сайн байгаа тойргуудад АН-ынхан дахин сонгогдох явдлыг хүндрэлтэй болгож байгаа юм. Тэгвэл ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид яагаад ийм эрсдэлтэй алхам хийх болов оо?


Үндсэн хуулийг хамгаалах нь


“Бид Үндсэн хуулийг хамгаалж, засаглалын салаа мөчрүүдийн хоорондохь тэнцвэрийг хадгалах ёстой. Импичмент зарлахаас аргагүйд хүргэсэн тийм үйлдлийг Трамп өөрөө хийсэн, хэрвээ бид үүнийг зүгээр орхих юм бол ирээдүйд маш аюултай жишиг бий болно” гэж Гадаад дахь АН-ын гишүүдийн холбооны дарга Жулия Брайан ярьж байна.


“Энэ бол Үндсэн хуулиар бидний хүлээсэн үүрэг, энэ бол бидний ёс суртахууны хариуцлага мөн. Төвийг сахисан байр суурьтай хүмүүсээс бидэнд ирүүлсэн маш ойлгомжтой баримт нотолгоонуудыг Конгресс үгүйсгэж чадахгүй” гэж Брайан нэмж хэллээ. Энэ эмэгтэй бол АН-ын Үндэсний хорооны гишүүн юм.


“Жо Байден, түүний хүү Хантер нарын талаар мөрдөн шалгалт явуулахыг шаардаж, эл зорилгоор Украинд үзүүлэх гэж байсан цэргийн тусламжийг зогсоосноороо эрх мэдлээ урвуулан ашигласан” гэж өөрийг нь буруутгаж байгааг Трамп эрс няцаасан билээ. Тэрбээр Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси-д хандан уур хилэнгээр дүүрсэн захидал илгээж, өөрийг нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж буйг эрс няцаасны сацуу “Америкийн ардчилалд дайн зарлалаа” хэмээн Пелосиг буруутгасан байна. 

 Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси 


Профессор Тобайас-ын хэлснээр, Трампыг буруутгаж буй АН-ынхан импичмент зарлах явдлыг өөрсдийнхөө биелүүлэх ёстой үүрэг гэж үзэж байгаа ажээ.


“Өргөсөн тангараг маань ийм алхам хийхээс аргагүйд хүргэсэн, тэгээд ч Трамп цаашид тангаргаа зөрчихгүй гэсэн ямар ч баталгаа алга гэж АН-аас сонгогдсон сенатчид үзэж байна. Трамп сонгуулийн дүнг будлиантуулж магадгүй гэсэн болгоомжлол тэдэнд байгаа бололтой” гэж профессор ярилаа.  


Сонгогчдыг өөртөө татах тооцоо 


Ж.Вашингтоны нэрэмжит их сургуулийн Улс төрийн удирдлагын хөтөлбөрийн захирал, профессор Тодд Белт-ийн үзэж байгаагаар, АН-ын Конгресс дахь гишүүдэд улс төрийн хувьд бодож тооцоолсон зүйл бий ажээ. “Импичментийн талаар сонгогчид нь юу гэж бодож байна вэ гэдгийг АН-ынхан харгалзан үзэж байгаа. Хэрвээ тэд импичментийг дэмжихгүй бол тэднээс олон хүн дахин сонгогдохгүй. Яг үүний адилаар, бүгд найрамдахчуудын хувьд ерөнхийлөгчөө дэмжихгүй бол дахин сонгогдоход тун хэцүү байх болно” гэж профессор дүгнэсэн байна.


ВВС-гийн Хойд Америк дахь сурвалжлагч Энтони Зуркер-ийн ярьснаар, АН-ыг дэмждэг сонгогчдын гол цөм хэсэг нь импичмент явуулахыг олон сарын турш шаардсаар байгаа ажээ.


“Хэрвээ Конгресс дахь АН-ынхан импичмент явуулахаар шийдвэрлээгүй бол хамгийн үнэнч сонгогчдынх нь уур хилэн тэдэн дээр буух байсан. Ардчиллыг дэмжигч сонгогчид сонгуулийн санал хураалтад ирэхгүй учраас сонгуульд ялагдана” гэж профессор Белт үзэж байна. 


Трампыг байнгын дарамтанд байлгах нь


Импичментийн үйл явц бол Трампад дарамт шахалт үзүүлэх олон аргуудын зөвхөн нэг нь юм гэсэн ойлголтыг АН-ынхан төрүүлж байна.


Төлөөлөгчдийн танхимаас явуулсан мөрдөн шалгалтын явцад Трампын бизнесийн талаарх зарим мэдээлэл төдийгүй түүний ойрын хүмүүс, тэдний дотор хувийнх нь өмгөөлөгч, Нью-Йорк хотын дарга асан Руди Жулиани-гийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон билээ.


Жулиани бол Киевд сууж байсан Америкийн элчин сайд Мари Йованович-ийг огцруулахад гол үүргийг гүйцэтгэсэн хүн гэдэг нь мөрдөн шалгалтын явцад тодорхой болсон ба тэрбээр Байденыг буруутгах мэдээлэл олоход элчин сайд асан саад учруулж байна гэж үзсэн бололтой.

Өмгөөлөгч Руди Жулиани 


“Тун удахгүй Ерөнхийлөгч, Руди Жулиани болон түүний Украин дахь түншүүдийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн шүүх ажиллагаа  болно гэж би таамаглаж байна. Трампын бизнесийн үйл ажиллагаатай холбоотой шүүх хурал болохыг ч үгүйсгэхгүй. АН-ынхны хувьд, Ерөнхийлөгчийн зохисгүй үйлдэлд олон нийтийн анхаарлыг хандуулах олон арга бий. Шүүх ажиллагаануудын явцад Трампын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц мэдээлэл гарч ирж магадгүй” хэмээн профессор ярилаа.  


Олон нийтийн санаа бодол өөрчлөгдөх үү?


Импичментийн дараагийн шатны үйл явцыг сонгогчид илүү анхааралтай ажиглах болно гэж АН-ынхан үзэж байна.


Трампын импичментийн асуудлаарх сонгогчдын санаа бодол үндсэндээ эн тэнцүү хуваагдаад байгааг олон нийтийн санал асуулга харууллаа. 


Вашингтон Пост сонин ба Эй-Би-Си агентлагаас хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнг үзвэл, оролцогчдын 49 хувь нь импичмент явуулж, Трампыг огцруулахын төлөө байгаа бол 46 хувь нь үүний эсрэг байр суурьтай байна.  


Ер нь бол, нэр хүндийн чансаа нь унаснаар Ричард Никсон 1974 онд огцорч байсан бөгөөд огцорно гэдгээ урьдчилаад мэдчихсэн байсан нь илт.


Гэхдээ профессор Белт-ийн үзэж байгаагаар, Сенатын гишүүдийн олонх нь Трампыг дэмжиж байгаа учраас огцрох аюул холуур тойрч өнгөрөх бололтой.


“Никсон огцорсон тухайд гэвэл, АН-ынхан тунгийг нь хэтрүүлсэн шинэ шинэ мэдээллийг аажмаар түгээж байсан нь ерөнхийлөгчийн нэр хүндийг унагасан” гэдгийг профессор хэллээ.  

“Гэхдээ энэ удаад, хэрвээ АН-ынхан Трампын импичментэд илүү их цаг заваа зарцуулах аваас илүү олон баримт нотолгоо, илүү олон гэмт хэрэг илэрч магадгүй. Гэсэн хэдий ч ардчилагчид импичментийг аль болохоор түргэн дуусгаж, тэдэнд дахин сонгогдох боломжийг олгож болохуйц өөр бусад сэдэвт анхаарлаа хандуулахыг илүүд үзэж байна” гэж ноён Белт дүгнэжээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/features-50855669

 

 

 

Холбоотой мэдээ