Их-Уул сум 46 жилийн дараа шинэ соёлын төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-24 17:19:06

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Их-Уул суманд 300 хүний суудалтай Соёлын төвийн шинэ барилга ашиглалтад орлоо.

Сумын соёлын төв 1968 онд байгуулагдсан бөгөөд 1973 онд одоогийн үйл ажиллагаа явуулж буй барилга нь ашиглалтад оржээ. Түүнээс хойш урсгал засвар хийхээс бус томоохон их засварт ороогүй байна. Зай талбай багатай, галлагаатай байранд 46 жил үйл ажиллагаагаа явуулжээ. Тус барилгыг улсын төсвийн 1887,87 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулжээ. Ийнхүү он дуусахаас урьтаж Соёлын төвийн шинэ барилгатай болсноор ашиглалтын талбай нь хуучнаасаа хоёр дахин нэмэгдсэн төдийгүй дуу чимээ тусгаарлалт сайтай, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан ажээ.

Соёлын төвийн байранд сумын музей, номын сан хамт байрлаж үйл ажиллагаагаа өргөтгөн явуулна. Ингэснээр хөдөөгийн сумын иргэдэд соёлын үйлчилгээг нэг дороос, чанартай, хүртээмжтэй хүртэх боломж бүрдсэн тухай сумын Засаг даргын Тамгын газраас мэдээлэв. 

Их-Уул сум нь 7500 гаруй хүн амтай Завханы томоохон сумдын нэг ажээ. Тиймээс соёлын салбарт томоохон хөрөнгө оруулалт болсон төдийгүй, сумын иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орчин үеийн тохь тухтай соёлын төвтэй болсон хөрөнгө оруулалт боллоо. Их-Уул сумын Соёлын төв нь жилдээ 30 гаруй тоглолт, үзвэрийг давхардсан тоогоор 6800 гаруй үзэгчдэд хүргэдэг ажээ. Мөн сумынхаа ховор нандин үзмэр, түүхийн олдвор бүхий музейн танхим, 5500 гаруй номын фондтой номын сангаар дамжуулан иргэддээ соёлын үйлчилгээг үзүүлж байна. 

Холбоотой мэдээ