Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-23 21:20:25

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойг Ховд аймагт тэмдэглэв.

Энэ хүрээнд Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААГ хамтран Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн баярын хурлыг 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд аймаг орон нутгийн удирдах ажилтан болон 17 сумын ахмад, дунд, залуу үеийн газар тариалан эрхлэгч иргэдийн төлөөлөл 250 гаруй хүн оролцсон юм.

Тэртээ 1959 онд улсын хэмжээнд Атрын I аяныг өрнүүлж, 246 мянга гаруй га атар газар хагалж 334 мянган га-д тариалалт хийж, 315 мянган тонн ургац хураан авч, хүн амыг дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнээр хангаж эхэлсэн. Тэр цагаас газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлэх эхлэл тавигдсан түүхтэй. Улмаар 1976, 2008 онд Атрын II, III аяныг улс орон даяар зохион байгуулсан аж

Харин атрын II аяны хүрээнд 12 сангийн аж ахуй шинээр байгуулж, 560-670 мянган га-д үр тариа тариалж, 680-860 мянган тонн ургац хураан авч, дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй, экспортод гаргаж байжээ.

Өдгөө Монгол Улсад газар тариалангийн салбарт үр тарианы 1200, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, нийт 60 мянган тариаланч, ногоочин ажиллаж байна. Мөн 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалт эрхэлж байна.

Харин Ховд аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 3000 гаруй хүн ажиллаж байна. Тэд өнгөрсөн хаврын тариалалтаар нийт 2433,7 га-д үр тариа, тэжээлийн ургамал, хүнсний ногоо тарьж, 22.4 мянган тонн ургац хураан авчээ. 

Цаашид жил бүр тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх, сайн чанарын шинэ сортын үр бий болгох, нутагшуулах, услалтын системийг өргөжүүлэхэд анхаарч ажиллана гэж аймгийн ХХААГ-ын дарга Г.Гончигсүрэн онцлон хэлэв. 

Энэхүү баярын хурлын үеэр орон нутгийн газар тариалангийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдийг Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “ХХААХҮ-ийн тэргүүний ажилтан”, ХХААХҮЯ-ны “Жуух бичиг”, “Атарчдын алдар”, Атрын 60 жилийн ойн медаль, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнасан юм.

Тариаланчид алслагдсан бүс нутгийн иргэдийг чанартай, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр тогтмол хангах, дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилт дэвшүүлэн ажилласаар ирсэн бөгөөд энэ л хөдөлмөр зүтгэлээ өдгөө үнэлүүлж байгаадаа талархалтай байв.  

Түүнчлэн Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймгийн хэмжээнд “Бүтээлч ажлын аян” өрнүүлжээ. Улмаар 17 сумын үе үеийн тариалан эрхлэгчдийн дунд “Тариаланчид дуулж байна” уралдаан, тариаланчдын алдрыг тэмдэглэх үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд түүхэн баримтат кино бүтээж олон нийтийн хүртээл болгосон аж. 

Холбоотой мэдээ