Эрдэнэхайрхан сум нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэгтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-18 21:11:40

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум 40 сая төгрөгийн өртөгтэй байгаль орчинд ээлтэй иж бүрэн гэрэлтүүлэгтэй болжээ.

Тус гэрэлтүүлгийг "Огторгуйн Цагаан Гарьд" сангаас хөрөнгө оруулалтыг гаргаж барилгын ажлыг дуусган орон нутагт хүлээлгэн өгчээ. Гэрэлтүүлэг нь нарны эрчим хүчээр тэжээгддэг бөгөөд ухаалаг систем буюу харанхуйг өөрөө мэдэрч автоматаар асаж унтардаг аж. Тухайлбал орой бүрий болох, өглөө гэгээ орох үеийг мэдэрч асаж унтрах тохиргоотой юм байна. Мөн шөнө асах үедээ орчны хөдөлгөөнийг мэдэрч гэрэл тодорч бүдгэрдэг гэлээ. Эрдэнэхайрхан сум нь эрчим хүчээр тэжээгддэг гэрэлтүүлэгтээ сард хоёроос гурван сая төгрөгийг төлдөг байсан. Энэ нь сумын эдийн засагт дарамт болдог байжээ. Харин одоо гудамж талбайн гэрэлтүүлэгтээ нэг ч төгрөг төлөхгүй боллоо.

Түүнчлэн байгаль орчинд ээлтэй эрчим хүчийг ашиглаж байгаа нь ч сайн жишээ юм. Ирэх 2020 онд манай сан бүх сумыг гэрэл гэгээтэй болгох ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Улс орнууд хүлэмжийн хийг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг сонгож байгаа нь эх дэлхийдээ барьж буй том бэлэг юм. Манай улсад 2007 онд сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдсан. Энэхүү хуулиар сэргээгдэх эрчим хүчний харилцааг зохицуулж өгсөн байгаа. Мөн УИХ-аар “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр” гэж баталсан. Энэхүү хөтөлбөрийн дагуу 2020 он гэхэд Монгол Улсын нийт эрчим хүчний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авахаар болсон. Тэгвэл аймагтаа анхдагч болж Эрдэнэхайрхан сум нь нарны эрчим хүчээр ажилладаг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болсон нь байгаль орчноо хамгаалсан том ажил юм хэмээн тус сангаас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ