Өрхийн эмнэлгүүд 17 мянга гаруй иргэнд үйлчилгээ үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-18 18:59:31

Завхан /МОНЦАМЭ/. Завханы төв Улиастай сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүд иргэдэд угтах, эргэх, лавлах, зөвлөх, оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх үйлчилгээг нэг дор үзүүлж нийт 17 мянга гаруй иргэнд үйлчилгээ үзүүлжээ.

Өрхийн эрүүл мэндийн төв нь иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан бол 2018 оноос хойш тусламж үйлчилгээний төрлүүдээ нэмж чанар хүртээмжээ сайжруулжээ. Тухайлбал өрхийн эмнэлгүүд дээр зөвхөн хүүхэд гэлтгүй бүх насныханд томуугийн дэгдэлтийн үед 414 иргэнд утлагын үйлчилгээг үзүүлжээ. Өнгөрсөн жилийн зургаадугаар сараас эхлэн сорьц тээвэрлэх үйлчилгээг нэвтрүүлэн цус, шээс, биохимийн шинжилгээг өрхийн эмнэлэг дээрээ авч давхардсан тоогоор 3584 иргэний шинжилгээг авсан байна. Мөн цахим-эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд цахим жор үйлчилгээг нэвтрүүлж давхардсан тоогоор 15876 иргэнд үйлчилжээ.

Урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол

хийж байна

Улиастай сумын өрхийн эмнэлгүүд давхардсан тоогоор 4300 иргэнд нөхөн сэргээх эмчилгээг мөн үзүүлжээ.

“Элэг бүтэн-Завхан” хөтөлбөрийн хүрээнд Улиастай сумын таван өрхийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг авахад зориулан сумын ЗДТГ-аас зургаан сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлснээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэд өсжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, зарим хувийн эмнэлгүүдтэй хамтран Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн 2100 гаруй хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын 1200 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Энэ үеэр хүүхдүүдийн 65 хувь нь шүдний өвчлөлтэй гарч эрүүлжүүлэх ажлыг улиралд нэг удаа зохион байгуулснаар сумын сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шүдний өвчний эрүүлжилт сайжирч байгаа. “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөрт хамрагдах 15-39 насны 5607 иргэн байдаг. Үүнээс өнгөрсөн жил 3201 иргэн хамрагдсан. Энэхүү илрүүлэг шинжилгээнд хамрагдсан 2319 иргэнээс В вирус 125, С вирус 74 илэрч идэвхжил үзүүлэх шинжилгээнд оруулан дараагийн шатны эмчилгээнд хамруулаад байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд томуугийн дэгдэлтийн үед ачаалал ихтэй ажилладаг байна. Учир нь энэ үед нярай болон бага насны хүүхэдтэй айл өрхүүдээр тогтмол хуваарийн дагуу үзлэг оношилгоо, зөвлөгөө өгдөг ажээ. Бүх насныханд томуугийн дэгдэлтийн үед хүчтэй антибиотик хэрэглэхийг зөвлөхөөс илүүтэй дархлаагаа дэмжих, сайжруулах, харьяа өрхийн эмнэлгүүдээрээ үнэ төлбөргүй утлага хийлгэхийг зөвлөж байгаа. Мөн зарим шаардлагатай үед уртасгасан цагаар ажиллаж бямба гаригт ч мөн үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг

320 орчим иргэнд хийжээ

Улиастай сумын өрхийн эмнэлгүүд иргэдийн хэрэгцээнд тулгуурлан хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх зорилгоор гэрээр үзлэг, зөвлөгөө өгдөг өдөртэй болжээ.

Багийн иргэдэд хамгийн ойр байдаг өрхийн эмнэлгийн үйлчилгээг жил бүр сайжруулж иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх ажлыг санаачлан хийж байгаа аж. Тухайлбал багийн иргэдийн судалгааг насны ангиллаар нь гаргаж шаардлагатай, зорилтот иргэддээ гэрээр нь сард хоёр удаа очиж үйлчилгээг үзүүлдэг ажээ. Мөн бага насны болон нярай хүүхэдтэй өрхүүдэд долоо хоног бүр урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ, зөвлөгөөг очиж үзүүлдэг байна. Сард нэг удаа айл саахалтаар нь очиж халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сургалтыг гэрээр нь өгч байгаа.

Улиастай суманд ойролцоох сумдын 6000 шахам түр оршин суугч амьдарч байна. Тиймээс өрхийн эмнэлгүүд ачаалал ихтэй ажилладаг. Эдгээр иргэдэд ч мөн үйлчилгээг үзүүлж байгаа. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг өдрөөр, гэрээр олгож, аав, ээж болох гэж буй залуу гэр бүлүүдэд хүүхэд асрах, хооллох зөвлөгөө, сургалтыг өгчээ. Мөн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг насны бүлгээр нь ангилж өрхийн эмнэлэг дээрээ танхимаар давхардсан тоогоор 320 орчим иргэнд хийгээд байгаа. Гэрээр очиж зөвлөгөө үйлчилгээг үзүүлэх нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулж түүнээс урьдчилан сэргийлэх аргыг зааж өгч байгаа нь үр дүнгээ өгч байгаа тухай Улиастай сумын ЗДТГ-аас тус тус мэдээллээ. 


Холбоотой мэдээ